s: 7 | Shares: 7
Монголын Casper шүгэлсэн, хий үзэгдлийн нутгаар тавтай морил…
Хүн төрөлхтөн олон зуун жил нууцыг нь тайлах гэж толгойгоо гашилгаж буй учир битүүлэг зүйлсийн нэг бол сүнс сүүдэр, чөтгөр шулам, хий үзэгдэл, хараал ерөөл билээ. Гадаадынхан чөтгөр шуламын ан хомрогод аль хэдийнэ мордоод байхад Монгол хэмээх даруухан орон ч зүгээр суусангүй. Олон иргэд чөтгөр шуламтай таарсан гэх арван газрыг одоо энд товчлон өгүүлэх болно. Хэзээ нэгэн цагт монголын шинжлэх ухаан гайхамшигтай хөгжөөд “энд чөтгөр шулам бий” Зуугаас илүү метр ойртож болохгүй” гэх ч юм уу, эсвэл “Ноёд оо! Чөтгөр шулам, хий үзэгдлийн нутгаар тавтай морил!” гэх ч юм билүү. Тэр цагт чөтгөр шулам эрэн сурвалжлагчидад дараах газруудыг мэдэгдэж байна.
Нэг дэх газар буюу Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум
1990 онд Монголын Нууц Товчоо зохиогдсоны 750 жилийн ойгоор даншиг наадам үзэхээр Улаанбаатар хотоос МСДН-ынхан хий үзэгдэлтэй таарчээ. Тэд Чингисийн их цэрэг байлдаж байсан гэх түүхтэй талд хоноглосон байна. Гэтэл шөнө дундын үед морин төвөргөөн, уухай хашгирах дуу, нум сумны жингэнээн, үхэж буй цэргийн хашгираан сонсогдсон байна. Мөн хөх гал сүүмэлзэн асаж нэгэн час улаан Коммунист эрийн энгэр лүү орсон гэдэг. Энэхүү хий үзэгдлээс болж өвчин эмгэг олсон гэх хүмүүс ч бий.
Хоёр дахь газар буюу Махкомбинат
Энэхүү хачирхалтай яриаг Махкомбинатын манаач нар ярьдаг юм. Манаач эр “Шөнө дундын үед хурга майлах, тугал мөөрөх, унага янцгаах сонсогдоно. Тэгснээ олон малын мөөрөлдөөн, хутга хавирах чимээ нүргэлэн гарч эхэлнэ. Яг энэ үед хөх ямаа урт хонгилоор тургилан гарч ирснээ агаарч замхарна. Аймаар шүү” гэж өгүүлдэг юм. Энэ газар хамгийн олон малын амь тасалсан нь яахын аргагүй үнэн билээ.
Гурав дахь газар буюу Чөтгөрийн даваа
Архангай аймгийн Булган сумын (Арслан Д.Мөнх-Эрдэнийн төрсөн нутаг) Гурвын даваа хэмээх газрыг чөтгөртэй гэж нутгийнхан баталдаг. Гурвын даваа хэмээх газар мод бэлдэж байсан хүмүүсийн хажууханд хөх гал асч түүнийг хэсэг улс тойрон суух нь харагджээ. Залуус гайхан ойртож очвол нөгөө хөх гал ч, хүмүүс ч зэрэглээ шиг цаашлах аж. Тэгсэн хэрнээ киноны дүрс шиг харагдах энэхүү хий үзэгдэл жолооч нарын айдсын олон жил хүргэсээр иржээ. Одоо ч гэсэн Чөтгөрийн давааны хөх гал түүнийг тойрон суух улс нь харагддаг байна.
Дөрөв дэх газар буюу Энхтайвны гүүр
Машины гэрэл гялсхийх агшинд нэлийсэн усан дунд гар нь сарвалзсан хүмүүс харагддаг. Энэхүү яриаг жолооч Л.Эрдэнэбилэг батлахдаа “Би оройхон хэрд гүүрэн дээр машиныхаа гэрлийг асаагаад зогсож байлаа. Гэтэл ус хүржигнэн шуугиж эхэлснээ гүүрэн дээгүүр даваад ирсэн. Гэнэт хөх дээлтэй эмэгтэй хүн машины гэрэлд гарч ирснээ “амь авраарай” гэж хашгирч байв. Үхтлээ айсан би машинаа асаагаад хөдөлвөл ус болон эмэгтэй хүн үзэгдэхээ байсан. Би тэрхүү эмэгтэйг 1966 оны аймшигт үерээр осолдсон хүний сүнс гэж боддог. Ямар ч байсан Энхтайвны гүүр хий үзэгдэлтэй” гэж ярьсан юм.
Тав дахь газар буюу Авдрантын гяндан
Эхийгээ алсан Цагаанмөөг, Хүүхдээ шатаасан Чимгээ, хүн алсан Бямбасүрэн хэмээх нүгэлтэй гурван хүүхнийг ялтан Чулуунбаатар, Төртогтох, Лхагвасүрэн гурав оргохдоо амийг нь хороосон билээ. Гэтэл одоо тэрхүү хүүхнүүдийн хоригдож байсан Камераас хашгирах, уйлах, ёолох чимээ сонсогддог байна. Мөн үс нь сэгсийсэн гурван эмэгтэй хий үзэгдэл тэргэл сартай шөнөөр урт хонгилоор явдаг гэнэ.
Зургаа дахь газар буюу Цэнхэрмандал сум
Германы армид бууж өгсөн генерал Власловын армийг 1940-өөд оны сүүлчээр Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд авчирсан юм. Олон мянган Орос цэргүүд Модотын ууланд цагаан тугалга олборлож байлаа. Эх орноосоо урвасан гэх энэ олон цэргүүдээс хоёр нь л оргож амьд үлдсэн билээ. Өвлийн хүйтэнд даавууны өөдсөөр хөлөө ороосон цэргүүд олноороо өлсөж, хөлдөж, өвчилж үхжээ. Хацар дээрээ 505 гэсэн бичээстэй цэргүүдийн сүнс одоо хүртэл Цэнхэрмандал суманд бий. Харуй бүрийд намуухан орос дуу эгшиглэж байснаа элдэв орос үгээр хараал тавих, бууны замаг тачигнах дуу гардаг ажээ.
Долоо дахь газар буюу Аймшгийн цагаан байшин
Сонгинохайрхан дүүргийн Ханийн материалын ойролцоо 4-р хороонд Аймшгийн цагаан байшин гэж бий. Эзэнгүй энэ байшингийн оршин суугч нь эр эм хий үзэгдэл ажээ. Ес арвын харьцаатай өвлийн байшингийн анхы эзэд нь болох эр эм хоёр мөнгөнөөс болж маргалдан бие биенийгээ хороосон байна. Түүнээс хойш энэхүү байшинг хий үзэгдэлтэй гэж үзэх болжээ. Аймшгийн цагаан байшинг анх хоёр сая төгрөгийн үнэтэй байсан ч авсан эзэд нь хий үзэгдлээс айхийн эрхэнд хямдруулан зарсаар өдгөө бараг үнэгүй болсон байна. Оройхон хэрд цус нөжиндөө холилдсон эр эм хоёр хий үзэгдэл орж ирээд мөнгө эрнэ. Тэгснээ хоорондоо зодолдон эрэгтэй нь эмэгтэйгээ алдаг аж. Гэвч нар мандангуут чив чимээгүй болдог ч гэв гэнэт эрэгтэй хүний хоолойгоор “Мөнгө өг мөнгө өг” гэх нь сонсогддог байна.
Ес дэх газар буюу Боргоцогын тал
Булган аймгийн боргоцогын талд малчин Санжаа гуай мал эрж явсан байна. Харуй бүрий болох үед морь нь үргээд явж өгөхөө байжээ. Гайхан мориноосоо бууж харвал ёстой л үлгэр т баймаар өрөөсөн нүдтэй, сэгсгэр толгойтой, хүн дүрстэй амьтан мориных нь өмнөзогсож байж. Санжаа гуай угийн сүсэг бишрэл муутай төрийн хар хүн болохоор “энэ чинь ямар балай амьтан бэ” гээд ташуураараа буулгаад авчээ. Гэтэл нөгөө амьтан муухай дугаран гал дүрэлзүүлэн шатчихсан байна. Энэхүү хачин амьтныг Санжаа гуай гайхан бодсоор харьж явтал эрж явсан үхэр нь зам дээр нь бэлчиж байжээ. Тэрбээр учиргүй баярлан үхрээ гэр лүүгээ туух гэтэл өөр зүг рүү гүйгээд болсонгүй удаан хөөцөлдсөний эцэст үхрээ харвал бүгд дөрвөн нүдтэй байжээ. Санжаа гуай сандран гэрлүүгээ эргэтэл нөгөө үхрүүд нь сэгсгэр хар амьтан болж араас нь хашгиралдан гүйжээ. Тэрбээр сандарсаар гэртээ ирвэл хүү нь бүх үхрээ түүний эсрэг зүгээс олоод ирчихсэн сууж байсан байна. Энэхүү хачин яриаг нутгийн малчид ярьдаг бөгөөд “Олны олон таван цэн” гэгчээр дээр нь чамгүй давс хужир нэмсэн байж болох юм.
Арав дахь газар буюу Даландавхар
Өмнөговь аймгаас хэсэг малчид мал зарахаар хотод ирээд дэнжийн мянгын ойролцоох Даландавхарын ойролцоо хоногложээ.Шөнө дундын үед хонь мал нь үргэж эхлэхэд хулгайч, нохой хоёрын нэг нь ирлээ хэмээн малчид дотроо бодон босоцгоожээ. Гэтэл ямар ч хүн амьтан байхгүй байх бөгөөд мал нь ийш тийш бутран гүйсээр байж. Гэв гэнэт олон хүн тачигнатал хөхрөлдөх чимээ гарсан бөгөөд ойролцоох шарилаас гэрэл цацарч үзэгджээ. Малчид мэл гайхаж цэл хөхөрч байтал олон цагаан хувцастай хүмүүс шарил дундуур сүлжилдэн яваа нь үзэгдсэн байна. Энэ бол нэг л жишээ. Чимээгүй хот буюу даландавхарын иргэд хүмүүсийн нүдэнд үе үе үзэгдэх нь элбэг билээ…
Хүн төрөлхтний хорхойг хөдөлгөсөн чөтгөр шулам, хий үзэгдлийн талаар Монголчууд ингэж ярьж баталж байна. Хэзээ нэгэн цагт манай улсын чөтгөр шулам жуулчдын сонирхлыг Хөвсгөл далай, Өмнөговийн элснээс илүү татах ч юм бил үү, хэн мэдлээ.
Нийтэлсэн: Хосоо