Монголын тамирчид гадаад орнуудын нэрийн өмнөөс Олимп, дэлхийн аваргаас медаль хүртсэн цөөнгүй тохиолдол байдаг. Тухайлбал буудлага спортын тамирчин Д.Мөнхбаяр эх орныхоо далбаан дор “Барселона 1992” зуны Олимпийн наадмаас хүрэл медаль хүртэж байсан бол Герман улсын нэрийн өмнөөс “Бээжин 2008” зуны наадмын хүрэл медаль авч байлаа. Хамгийн сүүлд л гэхэд “Рио 2016” зуны Олимпийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-д Г.Отгонцэцэг Казахстан улсын нэрийн өмнөөс барилдаж, хүрэл медаль авсан.
Г.Отгонцэцэг 1992 оны нэгдүгээр сарын 25-нд Улаанбаатар хотод төрсөн. 2016 оны Олимпийн өмнө манай хоёр шилдэг эмэгтэй жүдоч 48 кг-д барилдаж байсан учир Г.Отгонцэцэгийг Казахстаны жүдо бөхийн холбоо өөрийн орны нэрийн өмнөөс барилдуулах хүсэлт гаргасан. Ингээд манай бөх Казахстаны далбаан дор барилдаж эхэлсэн. Энэхүү шийдвэрийг Монголчууд янз бүрээр тайлбарлаж байв. Гэхдээ эцсийн дүнд нь Олимпийн хүрэл медаль Казахстанд очсон нь Монголын тамирчид дэлхийн хэмжээнд үнэлэгдэж чадсанд гол учир нь байна.
Г.Отгонцэцэг Риогийн татами дээр эхний тойрогт гоц мөргөж, хоёрт Гвиней-Биссау улсын Т.Лимаг ваза-ари үнэлгээгээр ялаад хэсгийн аваргын төлөө дэлхийн аваргын алт, хүрэл медальт Японы А.Кондотой барилдсан ч ваза-ари үнэлгээтэй явж байгаа цэвэр ялагдсан.
Ингээд эхний дагах барилдаанд 2012 оны зуны Олимпийн хүрэл, дэлхийн аваргын хүрэл, Европын аваргын 2 алт, 3 мөнгө, 3 хүрэл медальт Унгарын Э.Черновицкиг цэвэр, хүрэл медалийн төлөөх шийдвэрлэх барилдаанд Пан Америкийн наадмын алт, мөнгө, Пан Америкийн аварга шалгаруулах тэмцээний 1 алт, 3 мөнгө, 3 хүрэл медальт Кубын Д.Местре Алверезыг цэвэр ялж, Олимпийн медаль энгэртээ зүүсэн.