Бүх зүйлд дуусах хугацаа байдаг. Сүүнд 3 хоног, талхад 3 хоног, жимсэнд 7 хоног байдагтай адил харилцаанд дуусах хугацаа гэж байдаг болов уу?
Хүмүүсийн ярьдгаар 2 хүний дунд байх хайр нь ойролцоогоор 3 жил насалдаг гэдэг. 3 жилийн дараа хосууд нь харилцан хамааралтай, бие биенийхээ өмнө үүрэх өндөр хариуцлагатай болж хувирдаг. Гэвч энэ үед хос 2-ын харилцаанд яагаад ч юм хүйтэн агаар сийгэхийг та мэдрэх нь элбэг.
Тэгвэл та жимс ногоогоо удаан хугацаагаар хадгалахын тулд олон арга хайж олж болно: консервлэх, хөлдөөх гээд л аргууд байдаг. Тэгвэл хайрыг дуусгахгүйн тулд тийм арга байдаг болов уу? Мэдээж үгүй. Магадгүй тийм ч байж болно.
Танд та хоёрын харилцаа урагшлахгүй, хөгжихгүй байгаа нь огт таалагддаггүй юу? Үргэлж хэрүүл, маргаантай байх ядаргаатай санагдах ч, яагаад ч юм та хоёр буцаад хамтдаа байдаг. Энэ бол хайр. Хичнээн муудалцан 2 тийш харж зогслоо ч гараа тавиагүй бол хайр мөн. Ер нь хэрүүл маргаан нь харилцааг улам бат бөх болгоход тусладаг.
Би нэг залуутай 3 жил үерхэж байлаа. Мэдээж бүх хүн өөр ч, ХАЙР цаг хугацааны эрхээр алга болж эхнэр нөхрийн харилцаа руу шилждэг. Тэр залуутай анх үерхэхэд үнэхээр их халамжтай, үргэлж залгаж утасддаг, өдөр бүр уулздаг, бэлэг өгдөг байсан. Хамт байхад үнэхээр жаргалтай, түүнийг хараад л баймаар санагддаг байж билээ.
Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр бидний харилцаа удаашруулсан бичлэг шиг үнэхээр уйтгартай санагдаж эхлэсэн. 3 жилийн өмнөх тэр хүнийг харьцуулж хартал халамж алга болж, уулзах нь багассан. Бас түүнээс бэлэг аваагүй маш удсан, залгах нь бүр мөсөн багассан байсан. Сүүлдээ түүнтэй уулзсан уулзаагүй надад ялгаагүй санагдаж эхлэсэн. Учир нь уулзахгүй байлаа гээд энэ хүн байж л байх юм чинь гэсэн бодол үргэлж төрдөг байсан.
Тэгэхээр харилцаанд эрэгтэй хүн цаг өнгөрөх тусам өөрийн жинхэнэ төрхийг гаргадаг юм шиг санагдсан. Түүнээс салахад яагаад ч юм би огт харамсаагүй, тэр ч харамсаагүй.
Үнэндээ хайр дуусдаггүй! Зүгээр хайранд завсарлага хэрэгтэй байдаг юм. Хичээл ажилд завсарлагаа, цайны цаг гэж байдаг шиг хайранд ч гэсэн завсарлагааны цаг гэж байдаг. Тиймээс хамтдаа гараа хөтлөөд асуудлыг давж гарах чадвартай байх хэрэгтэй. Бас та хоёрын дунд үүссэн асуудлыг аль болох хурдан шийдэж байхгүй бол улам холдоод байдаг. Дахин хэлэхэд хайр дуусдаггүй юм шү, зүгээр л зүрх сэтгэл түр амрах хэрэгтэй байдаг юм.