Өөхтэй мах, загас, цөцгийн тос, өндөг, тос өөх гээд холестерин ихтэй хоол хүнс хэрэглэх дуртай хүмүүст цөс чулуужих өвчин ямагт заналхийлж байдаг. Мөн бодисын солилцоо алдагдан, биеийн жин тогтворгүй байвал энэ өвчнөөр өвчлөх бас нэг шалтгаан болдог байна.
Олон эмэгтэй амархан жин нэмж, хасдаг учраас цөс чулуужих өвчнөөр өвчлөх нь элбэг байдаг гэнэ шүү. Уг өвчин үүсээд олон жил болсон ч шинж тэмдэг огт мэдэгдэхгүй байж болдог. Тиймээс өвчлөгсдийн тал хувь нь өөрийгөө эв эрүүл гэж боддог гэж дотрын эмч нар хэллээ. Хэн нэгэн ийм өвчнөөр өвдсөнөө 5 бүр 10 жил ч мэдэхгүй явж болно. Хэрвээ танд доорх шинж тэмдэг илэрвэл мэргэжлийн эмчид яаралтай хандаарай.
1. Цадтал хооллосны дараа цөсний орчимд хатгаж өвдөх зовиурыг ямагт мэдрэх. Энэ нь заримдаа хэдхэн минут болоод зүгээр болох нь бий. Эсвэл хэд хоног үргэлжлэн өвдөж ч мэднэ. Энэ шинж тэмдэг ганц хоёрхон удаа мэдрэгдэж болохыг санаарай.
2. Байнга тавгүйрхэх, баруун хавирганы орчимд чинэрч өвдөх, гашуунаар гулгих, хэхрэх, бөөлжис цутгах, ходоодон дээр хүнд оргих гэх мэт шинж тэмдэг илэрвэл цөс чулуужих өвчний хүндрэлийн эхний үе гэж ойлгож болно.
Дээрх шинж тэмдгийн аль нэгэн нь илэрвэл та шинжилгээ хийлгэж цөсөө чулуутай эсэхийг тодруулаарай. Чулуу хараахан үүсээгүй тохиолдолд угааж болдог. Харин чулуу нэгэнт үүссэн бол мэс заслын аргаар авч болно. Цөсний өтгөрөлттэй, чулуутай удаан явах нь бүсгүйчүүдийн гоо сайханд сөрөг нөлөөтэй.
1. Царай харлах
2. Сэвх толбо тогтох
3. Ургацаг ургах
4. Амнаас эвгүй үнэр гарах нь ч бий гэдгийг санаарай.
Тиймээс бүсгүйчүүд ээ, цөсөндөө анхаарал тавьж, гоо сайхнаа авраарай.