Цэрэн, Жагаа хоёр хаана ирснээ нэг их сайн ойлгохгүй л байлаа. Эргэн тойронд хэзээ ч харж байгаагүй зүйлс. Гэнэт хаанаас ч юм нэгэн нүргэлсэн дуу хоолой сонсогдож, “Та хоёр дэлхий дээр амьдрахдаа миний өгсөн даалгаврыг биелүүлсэн үү” гэж асуув
-Та хэн бэ? Бид хоёр хаана байна вэ? гэж Цэрэн сандарсан маягтай асуув.
-Та хоёр дэлхийн амьдралыг орхиод Бурханы оронд ирсэн байна.
Жагаа сандран чичирч “Та нөгөө Бурхан уу? Асуултанд чинь хариулъя. Би дэлхий дээр сайхан амьдарсаан. Би таны удирдлагаар амьдарсаар ирлээ” гэв.
Цэрэн ч мөн юу дутахав гэсэн шиг “Би ч бас” гэж гацаж түгдчин хэлж амжив. ”Та биднийг тамд оруулахгүй, өөртэйгээ цуг байлгана биз дээ” гэж тэд ам уралдан хэлэв.
Та хоёрын яаж амьдарч, ямар сайн муу үйл хийснийг би бүгдийг мэднэ. Гэхдээ ямар үр дүнтэй амьдарсныг чинь та хоёрт өөрсөнд чинь харуулахаар шийдлээ. Та хоёр голомт залгах ганц ганц хүүтэй. Тэднийгээ хэрхэн хүмүүжүүлснээ өөрсдийн биеэр мэдрээд ир гэж Бурхан даалгав.
Жагаа:
-“Бурхан минь, би хүүгээ их ажилсаг болгож хүмүүжүүлсэн. Тэр минь орон гэр, унах унаатай сайхан амьдралтай үлдсэн надад санаа зовох юм алга” гэлээ
Цэрэн:
-Би олигтой хөрөнгө чинээ үлдээгээгүй ч миний хүү аавынхаа нэрийг газарт унагахгүй гэж итгэж явдаг гэв.
Бурхан:
-Та хоёр өөрсдийгөө хэр хэмжээнд амьдарснаа ганцхан үйлдлээр харуулах болно. Яг одоо дэлхий рүү ноомой царайтай, ноорхой хувцастай очиж өөрсдийн хүүхдүүдээ танихгүй хүний нүдээр хараад ир. Гэвч орой нар жаргахаас өмнө ирээрэй. Тэр үед би шүүх болно гэж хэлээд дэлхий рүү явуулав. Тэд их өлсөж байвч хөвгүүдээсээ ямар нэгэн юм олж иднэ гэсэн итгэлтэй ирэв. Жагаа хүүгээ ажлаас нь ирэхийг хүлээж гэрийнх нь гадаа зогсож байтал хүү нь эхнэртэйгээ машинаас буув.
Жагаа аажуухан ойртож, “Хүү минь ядарсан ахдаа туслаач” гэж өрөвдөлтэй царай гаргатал:
-Надад танд өгөх зүйл байхгүй. Бушуухан эндээс арилж үз хэмээн дээрэнгүй маятай хэлэв.
Хүү минь ахдаа туслаач дээ. Бурхан биднийг харж байгаа. Тэгвэл чиний, миний амьдралд ивээл ирнэ гэж Жагааг учирлахад
Бэр нь:
-Ядарсан амьтанд мянган төгрөг ч болтугай аваад өгчих л дөө гэв.
-Хэрэггүй ээ, аав минь иймэрхүү юманд битгий мөнгө үр, буянд чинь бузар орно гэдэг байсан юм хэмээн хүү хариулав.
-Хүү минь аав чинь буруу боддог байсан байж болох шүү дээ.
-Миний аав их хөдөлмөрч, чанга хатуу хүн. Танд миний аавыг шүүмжлэх эрх байхгүй гэж хилэгнэв. Жагаа бууж өгсөнгүй.
-Бурхан бүгдийг хардаг юм шүү хүү минь.
-Чиний бурхан уу? Надад бурхан гэж байдаггүй. Хүн өөрөө өөртөө бурхан гэж аав маань хэлдэг байсан юм. Хэмээн хүү нь үнэн сэтгэлээсээ хэллээ.
-Бурхан яах аргагүй байдаг. Биш ээ, байдаг байх. Аав чинь магадгүй бурхантай уулзсан л байгаа даа.
-Чи ер нь яах гээд байгаа юм бэ? Чамд миний аавын ясыг өндөлзүүлэх эрх байхгүй гээд цохиод авав.
Жагаа
-Хүү минь тохиолдол гэж байдаггүй. Үүнээс хойш түүнээс цааш өгөөмөр тусархуу, эелдэг зөөлөн яваарай. Ах нь үүнийг л захиж байна. Чиний миний бидний амьдрал бүгд хоосон. Жинхэнэ бодит зүйл өөр газар… гээд яриагаа дуусгаж амжаагүй байтал,
-Та өөр хүнд очиж багшил гэж шоолонгүй хэлээд яваад өгөв.
Харин нөгөө талд Цэрэн хүүгээ хүлээсээр…
Хүү нь гэрээсээ гарч ирэв.
-Хүү минь ядарсан өвөөдөө тус болооч. Өлсөж үхэхнээ гэж гуйвал:
-Өвөө та настай хүн юм. Ингэж явж болохгүй ээ. Үр хүүхдүүд байхгүй юм уу гэж асуулаа.
-Байгаа байгаа гэж Цэрэнг хэлтэл хүү нь:
-Тэгвэл хүүхдүүдээ бараадах хэрэгтэй. Хүүхдүүд чинь хаа нэгтээ хайгаад л явж байгаа даа гэж санаа тавив.
-Хайгаагүй ээ. Хүүхдүүд минь намайг хаана байгааг мэдэж байгаа.
-Юу гэсэн үг вэ, мэдсээр байж таныг дэргэдээ авахгүй байна уу? Аав маань хүүхэд хүмүүжүүлнэ гэдэг нарийн ухаан гэдэгсэн.
-Ах нь сайн хүмүүжүүлсэн. Тэд сайн хүмүүс болсон
-Тэгээд… гэж яриаг нь дэмжив.
-Ах нь өөр зорилгоор яваа. Надад туслаач
-Аавтай минь ялгаа юу байхав, хоол авч идээрэй гэж гурван мянган төгрөг өгчихөөд явахаар завдав.
-Гялаалаа хүү минь.
-Зүгээр дээ. Аав минь ядарсанд тустай, ялаанд хоргүй яв гэдэг байж билээ.
-Өвөө нь их баяртай байна. Бурхан л лав чамайг, бас намайг хараад баярлаж байгаа даа тэр чамайг ивээг гээд цааш явав.
Цэрэн Жагаа хоёр уулзалдан явах ёстой газар луугаа явцгаалаа.
Зохиолч Л.Мөнхчимэгийн “Хайр түрээслэгч” номоос