Хайртай чихмэлээсээ татгалзаарай
Гэртээ тоос их татдаг хивс, хөшиг, чихмэл тоглоомууд тавих хэрэггүй. Энэ үед хайртай чихмэлүүдээсээ татгалзан далд хураахыг харшлын эмч нар санал болгож байна. Мөн ханандаа хивс, хивсэнцэр өлгөсөн бол буулгах цаг нь өдийд гэдгийг бас дуулгая. Гэртээ өдөр бүр чийгтэй цэвэрлэгээ хийх, агаар цэвэршүүлэгч ажиллуулах цаг заавал гаргаарай.
Задгай үс загварлагч …
Урин дулааны улиралд бүсгүйчүүд үсний засалтаа өөрчилж задгай тавих нь элбэг. Гэхдээ тоосны харшилтай бүсгүйчүүдэд энэ нь харш зүйл гэдгийг сануулъя. Гадуур явахад хүний биенд хамгийн их тоос татдаг зүйл үз байдаг гэнэ. Ялангуяа задгай тавьсан үсэнд хамгийн их тоос хуримтлагддаг байна. Тиймээс тоосны идэвхитэй энэ үед харшилтай бүсгүйчүүд үсээ задгай тавихаас илүү боох, шуух, сүлжих сонголтыг хийгээрэй. Мөн гаднаас орж ирсэн даруйдаа шүршүүрт орж, үсээ заавал угаах хэрэгтэйг онцолъё.
Тагтаа цэвэрлэхээ мартаагүй биз
Өвлийн хүйтэнд цэвэрлэхээс халширан хойш тавьсан тагтаа өдийд цэвэрлэхгүй бол тоосны харшлын үүр болно гэдгийг анхаараарай, бүсгүйчүүдээ. Өвөлжингөө утаа, тоосонд дарагдсан тагт тоосоо “цацах” өмнө амжаарай. Энэ амралтын өдрийг тагтаа цэвэрлэх, тоосноос хамгаалах өдөр болгож болно шүү дээ.
Амны хаалт таныг аварна
Салхитай өдөр тоос хамгийн их босдог. Энэ өдөр таны хамгийн оновчтой сонголт амны хаалт байх нь. Өглөө эрт гэрээс гарахдаа заавал амны хаалт зүүх хэрэгтэй аж. Өдрийн 11 цаг хүртэл агаарт ихээхэн хэмжээний тоосонцор агуулагддаг гэдгийг “Монголжингоо” сануулж байна. Мөн нарнаас хамгаалах нүдний шил зүүх, малгай өмсөх, урт ханцуйтай цамц өмсөх нь тоосноос тойрч гарах аргууд болдог байна.
Цэцгийг гоёмсог цэмцгэр гэж андууруузай
Цонхон дээрх гоёмсог, хайртай цэцэгнүүдээ хяналтанд аваарай. Таны өөдөөс дэлбээгээ нээн “мишээж” байхдаа тэр тан руу тоос тургиж байдгийг мартаж болохгүй. Гэрт тоос татдаг зүйлсийн нэг таримал цэцэг байдаг байна. Тиймээс цэцгэн дээр хуримтлагдсан тоосонцорыг өдөр бүр, амжихгүй бол өнжөөд нэг бүлээн, чийглэг даавуугаар арчиж цэвэрлэх хэрэгтэй. Өөрт чинь хамгийн ойрхон эдгээр аргуудыг ягштал баримталчихвал тоосны харшлыг тойроод гарах боломжтойг мэргэжлийн эмч нар зөвлөлөө.