-Солонгос Улсад зохион байгуулсан наадмын дэд байрт шалгарсанд баяр хүргэе. Тэмцээнд хэдийнээс бэлтгэсэн бэ?
-“Шилмэл загварын ордон”-оос тэмцээнд оролцох санал тавьсан. Түүнээс хойш сар гаруй хугацаанд бэлтгэж тэмцээнд оролцлоо. “Miss Аsia pacific world super talent 2012” тэмцээний ерөнхий зохион байгуулагч нь Солонгос Улс. Тэмцээнд 30 гаруй орны сайхан бүсгүй оролцсон. Эх орноо төлөөлөн оролцох нэр хүндтэй үүргийг ганцаараа хүлээсэн болохоор алхам бүрээ хянаж цэгнэж байсан л даа. Дэлхийд алдартай одууд энэхүү наадмаас төрдөг болохоор олон улсад нэлээдгүй танигдсан юм билээ. Зөвхөн загвар өмсөгч оролцдоггүй. Дуучин, жүжигчин, телевизийн нэвтрүүлэгч, зураач оролцдогоороо онцлогтой наадам байсан.
-Бусад улсын оролцогчоос Таны ялгарах онцлог юу байв?
-Ер нь аливаа тэмцээнд ялахад тухайн хүнээс бүхий л талын мэдлэг, авьяас, бусадтай харилцах харилцаа шаарддаг. Энэ утгаараа алдаа гаргахгүйг хичээж бүх талаараа тэгш байхыг хүссэн. Би төгөлдөр хуур, ёочин хөгжмөөр хичээллэдэг. Дуулж бүжиглэх дуртай болохоор өөрийнхөө давуу талыг үзүүлэхийг хичээсэн. Онгоцноос буух үеэс л шалгаруулалт эхэлдэг учраас хянамгай байсан. Эндээс явахдаа өмсөх хувцаснуудаа бэлтгээд явсан нь их тус болсон шүү. Миний хувцсыг “Шилмэл загварын ордон”-оос бэлтгэж өгсөн. Олон улсын тэмцээн уралдаанд оролцоход миний нэр биш Монгол Улсын маань нэр дуудагддаг болохоор тэр эрхэм нэр хүндийг байнга өндөрт өргөхийг хүсч явлаа.
-Титмийн эзэн болчих юмсан гэсэн хүсэл сүүлийн мөчид төрсөн байх?
-Шагнал хүртсэн хүмүүсийн нэрийг доороос нь дуудсан. Үнэнийг хэлэхэд би шилдэг долоон оролцогчдод үлдчих юмсан гэж чин сэтгэлээсээ бодсон. Гэтэл сүүлийн шалгаруулалтад түрүүлсэн Энэтхэгийн загвар өмсөгчтэй үлдээд сэтгэл их догдолсон шүү. Яг тэр мөчид л түрүүлчих юмсан гэж бодож байсан. Гэхдээ өмнө нь “Best professional” болон хэд хэдэн номинацид шалгарсан болохоор нэг бодлын сэтгэл ханачихсан байсан. Тэмцээнд оролцоод олны танил сайхан найзуудтай болсон. Ялангуяа тэмцээнийг хөтөлсөн охин, нээлтэд дуулсан хамтлагийнхантай сайн найзууд болсон шүү.
-Эхний найман байрт шалгарсан оролцогчид дахин шалгаруулалтад оролцоно гэсэн. Энэ талаар тайлбарлаач?
-Дахин шалгаруулалтыг Япон, Солонгос, Хятадын томоохон продакшнтай гэрээ байгуулах үеэр зохион байгуулна. Түүнээс дахин тэмцээн болдоггүй юм билээ. Тэмцээний дараахан надад олон улсын нэр хүндтэй тэмцээнд оролцох хэд хэдэн санал ирсэн. Мөн Солонгосын алдартай продюсерууд хамтарч ажиллах санал тавьсан. Үүнээс гадна Солонгосын урлагийн сургуульд суралцах урилга, кино, клипэд жилийн гэрээ байгуулж ажиллах саналууд ирсэн ч одоохондоо шийдвэрээ гаргаагүй байна.
-Монгол загвар өмсөгчдийг гадаадын агентлагууд ихээхэн сонирхох болсон. Та гадаадын загварын агентлагтай хамтарч ажилладаг уу?
-Гадаадын загварын агентлагуудаас ажлын санал ирж байсан. Гэхдээ тухайн үед ямар нэг асуудал гараад явж чадаагүй. Би МУИС-ийн социологийн ангид сурдаг. Сургуулиа төгсөөд гадаадад мэргэжлээ дээшлүүлье гэж бодож байгаа. Тэр үедээ загвар өмсөгчийнхөө ажлыг орхигдуулалгүй өөрийгөө хөгжүүлэх төлөвлөгөөтэй байна.
-Ингэхэд хэдэн настайгаасаа загвар өмссөн бэ?
-Загвар өмсөгч болох амаргүй. Гэхдээ хүн өөрөө хичээж, мөрөөдөлдөө үнэнч байвал бүтэхгүй зүйл байхгүй. Би цэцэрлэгт байхаасаа л дуулж, бүжиглэж, шүлэг унших дуртай хүүхэд байсан. Тавдугаар ангидаа “Үнсгэлжин” тэмцээнд оролцож түрүүлээд загварын чиглэлээр хичээллэх болсон юм. Гэр бүлийнхэн маань ч намайг дэмжсэн. Гэхдээ хүмүүс загвар өмсөгч гэхээр хувцас өмсөхөөс өөрийг мэддэггүй гэж ойлгодог. Энэ нь өрөөсгөл ойлголт. Би загвар өмсдөг ч хичээлээ хэзээ ч орхигдуулдаггүй байсан. Олимпиад, уралдаанд оролцдог идэвхтэй сурагчдын нэг байсан юм шүү.
-“Азийн модель” агентлагийн захирал Ч.Содтуяаг Таны багш гэж сонссон. Анх багштайгаа хэрхэн танилцаж байв?
-Багш маань намайг 14 настай юу ч мэдэхгүй хүүхэд байхад загвар өмсөгчийн анхны “А” үсгийг зааж өгсөн. Тиймээс багшийгаа үргэлж хүндэлж явдаг. Харин “Шилмэл загварын ордон” намайг амжилтад хүрэхэд хамгийн их нөлөөлсөн ээлтэй газар байгаа юм. Би хамт олноороо бахархдаг шүү.
-Та “Catwalk” хамтлагийн гишүүн. Энэ их ажлын хажуугаар уран бүтээлдээ анхаарал хандуулж амжиж байна уу?
-Залуу хүн учраас янз бүрийн зүйл сонирхож хийхийг хичээдэг. Завгүй байх тутам хүн ажил амжуулж сурдаг юм билээ. Хамтлагтай болох ч миний багийн мөрөөдөл байсан. Толины өмнө дуулж, бүжиглэж алдартай дуучин болсон мэт төсөөлдөг байлаа. Хэдийгээр хамтлаг маань байгуулагдаад удаагүй ч бид сайн уран бүтээл гаргахын төлөө илүү их хичээж ажиллах болно.
-Таныг СУИС-д сурдаг залуутай үерхдэг гэсэн. Энэ үнэн үү?
-Тийм ээ. Найз залуу маань энэ жил сургуулиа төгссөн.
-Цаашдын төлөвлөгөөний тань талаар сонирхмоор санагдлаа?
-Мэдээж хийж бүтээх зүйл их бий. Тэр болгоныг хэлэх хэрэггүй байх. Хамгийн гол нь мөрөөдөлдөө хүрэхийн төлөө илүү их хөдөлмөрлөнө.
www.UNEN.mn