Содон сонин бүхний цуглуулга Гиннесийн номын хуудас зузаарсаар. Гиннес-2012 амжилтын эздийг тодруулах арга хэмжээ Лондонд боллоо. “Хамгийн” гэдэг тодотголын ард нэрээ мөнхлөхийг хүссэн хүмүүсийн дунд Лас-Вегасаас ирсэн дуучин 45 настай Кристин Уолтон хумсаа гайхуулан зогсоно. Тэрбээр 18 жилийн турш хумсаа авалгүй ургуулсны дүнд зургаан метр хүргэж чаджээ.
Хамгийн том хөхтэй эмэгтэйгээр тодорсон Энни Хокинс-Тернер 52 настай. Хөхний тойрог нь 178 см. Тэрбээр гоо сайхны хагалгаанд ороогүй, “унаган төрх”-өөрөө байгаагаараа бахархдаг гэнэ. “Түүнээс юугаараа дутах вэ, миний чихийг хараач” гэсэн шиг Харбор нэртэй анч нохойны зүүн чих 31.7, баруун талынх нь 34.29 см. Тэдний дэргэд америк бүсгүй Шанель Тэппер хэлээ гарган зогсоно.
Дэргэдээ байгаа хэдийг доог тохуу хийсэндээ тэр биш л дээ. “Савтай тараг уухад надад халбага хэзээ ч хэрэг болж байгаагүй” хэмээсэн түүний хэл 9.75 см урт учраас “хамгийн” тодотголд нэрээ бичүүлэхээр ирсэн нь энэ аж. Германы Фогтландын хөгжим урлаачдын бүтээсэн хийлний урт нь 4,2, өргөн нь 1.23 метр. Энэхүү зэмсгийг эгшиглүүлэхийн тулд гурван хөгжимчин шаардлагатай. Түүнчлэн содон хачин зүйл рүү тэмүүлдэг зан нь Рольф Буххольцийг хамгийн их пирсингтэй хүнээр тодроход хүргэжээ. Тэрбээр зөвхөн нүүрэндээ 453 төмөр зүүсэн гэнэ