Гоо сайхны бүтээгдэхүүний хадгалах хугацааг уртасгах зорилгоор парабен буюу устөрөгчжүүлсэн бензолын хүчлийн нийлмэл эфирийг 1950 оноос химийн найрлагад нь оруулах болжээ. Гоо сайхны бүтээгдэхүүнүүдийн 85 хувь нь парабен агуулдаг гэсэн судалгааг АНУ-ын эрдэмтэд гаргасан байна. Парабен нь химийн бүтцийн хувьд олон төрөл бөгөөд гоо сайхны бүтээгдэхүүнүүдэд метилпарабен, пропилпарабен, бутилпарабен, бензилпарабенийг өргөн ашигладаг аж. Заримдаа үйлчилгээг нь хүчтэй болгох зорилгоор нэг бүтээгдэхүүний найрлагад парабены хэд хэдэн төрлийг холих нь бий. Ялангуяа хөлс дарагч, нянгийн эсрэг саван, чийгшүүлэгч тос, сахлын хөөс, оо, шампунь, өө дарагч кремэнд парабен их хэмжээгээр агуулагддаг байна. Парабен байгалийн эстрогеныг хиймлээр бий болгож хүний эсүүдийг “хуурдаг” болохыг эрдэмтэд 1990 онд тогтоожээ. Эстрогенийг хиймлээр бий болгох нь биеийн үндсэн гормоны үйлдвэржилтэд сөрөг нөлөө үзүүлж хөхний хорт хавдар, эрчүүдийн үрийн шингэний тоо багасах зэрэг эрсдэлтэй. Зарим төрлийн хорт хавдар эстрогений даавар ихэссэнээс болж үүсдгийг эрдэмтэд нотолсон. Тухайн үед эрдэмтдийн гаргасан дүгнэлтийг таамаг төдий зүйл гэж гоо сайхны брэндүүд няцаасан юм. Харин АНУ-ын Эрүүл мэндийн хүрээлэн хөхний хорт хавдрын эсэнд парабен ихээр агуулагдаж байгааг 2004 онд тогтоосноор гоо сайхны бүтээгдэхүүнд онцгой хяналт тавих болжээ. Парабен арьсаар нэвчин хүний биед орсон тохиолдолд шингэж задардаггүй бөгөөд хорт нөлөө үзүүлдэг байна. АНУ, Европын холбооны орнуудад гоо сайхны бүтээгдэхүүнүүдэд нэг хүртэлх хувийн парабен агуулахыг зөвшөөрдөг. Эдгээр улсын иргэд парабен агуулсан бараа худалдан авахаас хэдийн татгалзаад байгаа бөгөөд энэ химийн нэгдлийг гоо сайхны бүтээгдэхүүнд ашиглахыг хориглосон жагсаалт үе үе гардаг ажээ. Сүүлийн үед парабены эрчүүдэд үзүүлэх хор нөлөөг судлах болжээ. Парабен агуулсан сахлын хөөс, чийгшүүлэгч тос, шингэн саван хэрэглэдэг эрчүүдийн үрийн шингэний тоо багасахаас гадна эмэгтэй даавар зохиомлоор үүсгэж байгааг Данийн эрдэмтэд баталсан байна. Магадгүй танай угаалгын өрөө, гоо сайхны цүнхэн дотор чинь буй бүтээгдэхүүний найрлагад парабены хэд хэдэн төрөл орсон байж магадгүй. Тиймээс эрүүл мэнддээ анхаарч дараагийн худалдан авалтаасаа парабенгүй эсвэл бага агуулсан бүтээгдэхүүн сонгоорой. Органик, химийн найрлагагүй, байгалийн гаралтай бүтээгдэхүүний найрлагад парабен ороогүй байх магадлалтайг Эрүүл мэндийн хүрээлэнгүүд зөвлөдөг. Зарим үйлдвэрүүд бүтээгдэхүүнийхээ найрлагад парабен гэдэг үгийн оронд химийн нэршил болох parahydroxybenzoic acid хэмээх нэршлийг нь бичсэн байдгийг мэдэхэд илүүдэхгүй.