19-р зуунд эрх мэдэл, бэл бэнчин, хязгаар нутаг нь ноён оргилдоо хүрсэн Их Британийн эзэнт гүрний хаан ширээнд 20-р зуун гарснаар ноцтой хямрал дэгдсэний гол “буруутан” буюу хэргийн эзэн нь энэ зураг дээрх шаливхан бүсгүй юм. Уоллис Симпсон гэх энэ эмэгтэй өмнө нь хоёр ч гэрлэж, салж явсан америк эмэгтэй бөгөөд Их Британийн хаант төрд заларсан 8-р Эдуард хаан бүсгүйд дурлаж, түүнтэй гэрлэнэ гэж зүтгэснээс хямрал дэгджээ.
Английн сүмийн номлолын дагуу эмэгтэйчүүд хоёрдох удаагаа гэрлэх хориотой байсан бөгөөд хоёрдох байтугай гуравдахаа гэрлэх гэж байгаа Америк эмэгтэйг Британи төдийгүй хамтын нөхөрлөлийн улс орны иргэд нь “хатан”-аа гэж хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг Британийн засгийн газар, сүмийн бүхий л эрх мэдэлтнүүд сануулж, хааны шийдвэрийг эсэргүүцэж байв.
Гэвч 1936 оны нэгдүгээр сарын 20-нд хаан ширээнд заларч, тангараг өргөх ёслолын ажиллагаандаа ч оролцож амжаагүй наймдугаар Эдуард хаан 1936 оны 12-р сарын 11-нд Уоллис Симпсонтой гэрлэхийн тулд хаан ширээнээсээ татгалзжээ. Хаан ширээг түүний дүү болох Йоркийн гүн, VI Жорж буюу одоогийн II Элизабет хатан хааны эцэг өвлөн авчээ. Хаан ширээнээс үнэ цэнэтэй хайр сэтгэлийн эзэн болсон энэ бүсгүй бүх л насаараа хааны удмын нөхөртэйгээ амар жимэр, аз жаргалтай амьдарсан байдаг.
8-р Эдуард 1972 онд 77 настайдаа Франц дахь гэртээ таалал төгссөн бол түүний энэ насных нь цорын ганц хайр Уоллис Симпсон 1986 онд 89-тайдаа таалал төгсчээ. Тэдний тухай 2010 оны Оскарын наадамд нэр дэвшсэн King’s Speech буюу Хааны айлдвар, 2017 оны Алтан бөмбөрцөгт нэр дэвшсэн The Crown буюу Титэм зэрэг бүтээлүүдэд дурддаг бол 2011 онд дуучин Мадоннагийн найруулсан W.E киног дуулиант хосын амьдралаас сэдэвлэсэн байдаг.
Times.mn