Дээр үед өрх толгойлсон эмэгтэйчүүдийн амьдрал ахуйг харж үзэн,эцэггүй хүүхдийн тэтгэмж гэж хорин таван төгрөг улсаас олгодог байв.Мөн орон даяар аймаг,сумдын захиргаанаас эцэг тогтоох комисс гарган эцэггүй,эхээрээ овоглодог хүүхдүүдтэй айлд очин эцгийг нь хэлүүлж шүүхийн шийдвэр гаргуулан мөнгө олгуулдаг ч байж.Гэхдээ тэр үеийн хүүхнүүд хүн чанартай,мөнгөнөөс илүү байгаа бүхэндээ сэтгэл хангалуун байдаг байсан тул хүүхдийнхээ эцгийг барагтай бол хэлэхгүй.Нэгэнт үүрэг даалгавар аван өдий төдий ажил болон ирсэн комиссыхон эцгийг нь хэлүүлэхийн тулд элдвээр аргадан хуурах,загнах,шаардах гээд элдвийн арга хэрэглэж үйлээ үзнэ.Энэ талаар хууч яриа,одоогийхоор бол онигоо өдий төдийгөөрөө үлджээ.
70-аад оны эхээр Дорнодын заан “хар” Мажиг сумын захиргаанд ажилладагийн хувьд комисст ороод айлуудаар явжээ.Ширүүхэн хүн тулд нилээд хүүхдийн эцгийг хэлүүлж авахад нэмэр болж.Тэгээд эцэггүй таван хүүхэдтэй авгайгийнд очив.Комиссыхон хоёр томых нь эцгийг хэлүүлж авсан ч бага гурвынхаа эцгийг хэлсэнгүй.Шалгааж,аргадаж учирлаад ч нэмэр алга.Нам засгийн бодлого ярин загнаж ч үзэв.Авгай мэгшээд үнсээ ухаад суугаад байсанд “хар” Мажиг тэсгэл алдан:
_Энэ мууг ингэж зовоогоод яах вэ,үлдсэн гурвыг нь миний нэр дээр биччих.Тэгээд дараагийн айлаар оръё. Орох айл ч их байна гэсэн гэдэг.
Тээврийн жолооч нар ч их паянтай явдаг,хаана аль сумын нутагт ганц бие аятайхан хүүхэн байгааг андахгүй мэддэг,яаж ийж байгаад ачаа олоод гардаг байсан гэдэг.Цэдэвээ гээд жолооч ах байж билээ.Бидний залуус Цэдэвээ ахаар тоглоом хийн:
_Ах дээр үеийн жолооч юм чинь арван найман аймагт авгайтай байсан биз дээ гэхэд
_Солиороод байгаарай цаана нь гурван зуун жаран сум гэж байдаг юм байгаа биз дээ гэж ирээд паржигнатал инээдэгсэн.
Ямар ч байсан социализмын үед Монголын хүн ам бараг гурав дахин өссөн.Монгол бүсгүйчүүд маань олон хүүхэд төрүүлж,амьдрал ахуйгаа нуруун дээрээ үүрч явсныг бодохоор бахархах сэтгэл төрдөг юм.”Алтан сайхан үрийг нь авчихаад Алдар нэрийг нь сэвтүүлээд яахав дээ” гээд араас нь сүү өргөн сайн сайханыг ерөөж байсан тэр үеийн хүүхнүүдийг одооны хот газрын “тээгч эх”-чүүдтэй харьцуулашгүй мэт санагдана.