Наснаасаа овортой харагдахыг хэн ч хүсэхгүй. Залуу нас, гоо үзэсгэлэн бол хэзээ ч үнэ хүндээ алддаггүй амьдралын үнэт зүйлс юм. Магадгүй үрчлээ амьдралд хир их зүйл туулж өнгөрөөснийг илтгэж болох ч толинд харахдаа өөрийнхөө царайнаас үүнийг харахыг хүсэх хүн байхгүй л болов уу.
Гэтэл энэ ул мөрийг үлдээхэд чухамдаа бид өөрсдөө “гар бие оролцсон” байдаг. Бидний зуршил, амьдралын хэв маяг энэ үрчлээний тоонд нөлөөлөх нь бий. Биднийг цагаас эрт овортой харагдуулдаг тэр хүчин зүйлсийг тоочих гээд оролдоод үзье.
1. Нарны туяа
Наранд гоё борложээ гэцгээх нь бий. Энэ хир үнэний ортой бол? Яадаг ч байсан наранд борлотлоо түлэгдэнэ гэдэг бол нарны хэт ягаан туяаны нөлөөгөөр арьс гэмтсэний л шинж шүү дээ.
Үүнтэй яаж тэмцэх вэ?
Нарны хамгаалалтын түвшин SPF нь 15-аас доошгүй байхаар тос сонгож авах нь зүйтэй. Нүүр болон гарын сарвуу нарны туяанд их өртөмтгий байдаг, тиймээс нарны хамгаалалттай тосыг түрхэж хэвшихийг зөвлөе.
2. Тамхи татах
Тамхи арьсанд хортой гэдэг нь маргаангүй зүйл. Тэр арьсны хөгшрөлтийн явцыг хурдасгаж, эрт үрчлээ үүсэхийг өдөөдөг. Шинжээчдийн хэлж байгаагаар арьсны дуран авайн шинжилгээгээр тамхи татдаг охидын арьсанд бүр 20 настайгаас нь үрчлээ үүсч эхэлдэг байна. Цаг хугацаа өнгөрөх тусам, хэдийчинээ олон хайрцаг тамхи татна арьс төдийчинээ хурдан хөгширнө. Тэгээд ч тамхи арьсыг эрүүл бус хөхөлбий өнгөтэй болгодог.
Үүнтэй яаж тэмцэх вэ?
Энэ тохиолдолд ганц л гарц бий: Тамхи татахаа болих
3. Нүүрний булчингууд
Амьдралынхаа туршид бидний хэнд ч гэсэн хичнээн олон удаа инээмсэглэх, хөмсөг зангидах, нарны туяанаас болж нүдээ аньж үрчийх хэрэг гардаг билээ дээ. Дадал болсон энэ бүх үйлдлүүд аажим аажмаар үрчлээ үүсгэж эхэлдэг, ихэнхдээ нүдний булан, завж, хөмсөгний хооронд.
Үүнтэй яаж тэмцэх вэ?
Нарны шил мэтийн ашигтай зүйлсийг хэрэглэхээ мартуузай. Түүнээс гадна өөрийнхөө нүүрний хөдөлгөөнийг анзаарч анхаарах хэрэгтэй.
4. Хоолоо сойх
Зарим шинжээчдийн үзэж байгаагаар хэтэрхий ойр ойрхон хоолоо сойж хурдан турж, буцаад хурдан таргалах нь арьсанд гэмтэл үүсгэдэг.
Үүнтэй яаж тэмцэх вэ?
Хэрвээ та хоолоо сойхыг хүсвэл хэт хурдан жингээ хасдаг хэлбэрээс зайлсхий. Мэргэжилтнүүдийн баталж байгаагаар долоо хоногт хагас кило турах хамгийн тохиромжтой гэнэ. Жингээ хурдан хасах нь баяртай хэрэг ч арьсанд муугаар нөлөөлнө гэдгийг битгий март.
Зохистой хооллолт болон хоолоо зөв сойсноор хөгшрөлтөөс сэргийлэх нь
Дунд сургуульд билогийн хичээлээс мэдсэнчлэн арьс бол хүний биеийн хамгийн том эрхтэн. Тиймээс ч тархи болон зүрхний нэгэн адил тэжээллэг бодис, ялангуяа арьсны эсэд чухал шаардлагатай В бүлгийн аминдэмүүдээр тэтгэгдэж байх ёстой. С болон Е аминдэмүүд нь арьсыг нарны хортой үйлчлэлээс хамгаалж байдаг антиоксидантууд юм. А аминдэм нь арьсны үйл ажиллагааг дэмжиж, нөхөн сэргээж байдаг.
Яах хэрэгтэй вэ гэхээр эрүүл, зөв, зохистой хооллож, жимс, ногоо ахиухан хэрэглэх хэрэгтэй. Аль болох олон удаа, бага багаар хооллох хэрэгтэй. Чухал шаардлагатай аминдэм орсон хүнсний заримаас дурдвал, жишээ нь улаан лооль /В1, С/, самар /Е/, лууван /В1, А/
Бас ус уухаа битгий мартаарай.
Арьс аажим аажмаар хуурайшиж, нимгэрдэг. Тиймээс арьсны чийгшилтийн түвшинг хангаж байхын тулд бие организмд хангалттай хэмжээний ус орж байх хэрэгтэй.
Үүний тулд өдөрт 6-8 аяга ус уух хэрэгтэй хэмээн ихэнх эрдэмтэд зөвлөсөн байдаг. Гэхдээ зүрх болон бөөрний эрүүл мэндийн байдлыг харгалзаж үзэх нь чухал.