“Шал дэмий” ичих булчирхайнаасаа болоод бид маш олон боломж, таашаалаас хоцордог. Бүрэг ичимхий, даруухан зан моодноос гараад удаж байгаа болохоор хамтдаа нээлттэй, бусдын бодолд санаа зоволгүй өөрийнхөөрөө байж чаддаг эрч хүчтэй эмэгтэйн “тавцан” руу гарч зогсоцгооё.
Бид энд эрээ цээргүй байх тухай биш, бүрэг ичимхий зангаа даван туулснаар ямар олон ашиг тусыг эдлэж болох талаар өгүүлэх гэсэн юм. Хэрэв таны дотор оршдог тэрхүү хүлээс тайлагдчих юм бол мөрөөдлийн амьдралдаа хүрэх зам тань илүү амар, хялбар байх болно. Олон бүсгүйчүүд ичимхий зангаасаа болоод өөрийнхөө хүсэхгүй байгаа зүйлсээ хийсээр, хүсч байгаа зүйлээ хийж чадахгүй байсаар цагийг элээдэг. Тэд секс хийж байхдаа биеэ барьдаг учраас өөртөө ч амрагтаа ч хангалттай таашаалыг мэдрүүлдэггүй. Түүнээс гадна олон хүний өмнө гарч үг хэлж чаддаггүйгээс өөрийгөө “сурталчилах” сайхан боломжуудыг алдан, хүндэлж явдаг үлгэр жишээ хүнтэйгээ таарсан ч ичсэндээ хажуугаар нь зүгээр л зөрөөд өнгөрчихдөг.
Ашиг тус №1: Та илүү олон боломжийг шүүрч авах болно
“Ичих нүүргүй” бүсгүйд хүмүүсийн бодлоос айх айдас гэж байдаггүй. Тэд чангаар үг дуугарах л юм бол хүн болгон өөр рүү нь харах болно гэдгийг мэддэг ч үүнийг сэтгэлдээ дарамт болгож оруулж ирдэггүй. Тиймээс хааяа бидэнд дэндүү ил задгай араншинтай мэт санагддаг хүмүүс түгдэрч гацалгүйгээр илтгэл тавьж, ажлынхны арга хэмжээг хөтөлж, хурал дээр итгэлтэй нь аргагүй босоод даргадаа хэлэх гэсэн үгээ улайсан хацар, чичирсэн гаргүйгээр илэрхийлж чаддаг. Ингэснээрээ тэд л хождог. Бүр маш ихийг шүү.
“Нүүр хагарсан” байх нь орчин үеийн байлдан дагуулагч нарын тулгуур араншин юм. Ичимхий занг таягдан хаяхын тулд та ямарваа нэг хэцүүхэн зүйл хийхийнхээ өмнө юу ч боддоггүй байх ёстой. Хэдхэн хормын дараа тань руу ширтэх зуу зуун нүднүүдийг дотроо огтхон ч төсөөлж болохгүй. Найзуудтайгаа хамт караокед ороод нэг дуу дуулах гэж байгаа юм шиг л өөртөө итгэлтэй, энгийн сэтгэгдэлтэйгээр тайз руу гараарай. Мөн хэн нэг хүндэлдэг, хайрладаг хүн дээрээ очихдоо ч тэдний тань луу харах гайхширсан царайг ургуулан бодох хэрэггүй. Ийм ирээдүйн тухай хэрэггүй төсөөлөл л бидний хүслийг хориод байдаг юм.
Ашиг тус №2: Та илүү их таашаал эдэлнэ
Эрсдлийг яг өнөө орой л гэтлээрэй. Секс хийхдээ та үргэлж бүдэг гэрэлтэй газрыг сонгож, аль болох л биеийнхээ хэсгүүдийг амрагтаа харагдуулахгүй байх тал дээр анхаардаг байсан бол өнөө шөнө гэрлээ асаалттайгаар, эсвэл өдрийн цагаар секс хийгээд үз. Ингэхдээ биеэ барихгүй байх шаардлагыг өөртөө чанд тавиарай. Хөхөө хаах гээд байвал гараа радаа барьж, өөрийгөө эротик киноны од гэж бодоорой. Бараг хүн болгоны толгойд секс мөрөөдөл, эсвэл нэг +18 киноноос үлдсэн ичих нүүргүй тачаангуй эмэгтэйн үйлдэл байдаг. Харин өнөө орой та өөрөө тэр эмэгтэйн дүрд хувирч байна гэж төсөөлөөд бүрэг зангаа гээх хэрэгтэй. Бүр арга барагдвал ганцхан шот текилла уучих. Зориг орох гэж тэр. Ингэвэл та үргэлж л хүсдэг байсан тэр ид шидийн дур тавилтыг мэдэрнэ. Таны ямар ч сул тал өөртөө итгэлтэй байх үед чинь давуу тал болж харагддаг юм.
Ашиг тус №3: Та илүү жаргалтай болно
“Ичих нүүргүй” эмэгтэйн өөдөөс нэг хорон үг хэлвэл, шууд л босоод өөрийнхөө төлөө тэмцэж чаддаг. Ингэснээрээ тэд өөрсдийнхөө бардам зан, нэр төр, зүрх сэтгэлээ ч бас хамгаалж чадаж байгаа юм. Бас санаа зовох зангаа байхгүй болгочихвол та хүний өөдөөс хааяа ч болов “үгүй” гэж хэлээд, юм болгон дээр уучлалт гуйхаа больж, өөрийгөө бусдын хувьд илүү үнэ цэнэтэй болгож чадна. Зарим охид бүсгүйчүүд нөхрөөсөө, эсвэл гэр бүлийнхнээ өөр хүмүүст танилцуулахаасаа ичих явдал байдаг. Ингэж өөрийнхөө хайртай хүмүүсийг далд байлгах гэж оролдсоноор та тэдний сэтгэлийг сэвтээхээс гадна өөрөө ч эвгүй байдалд орно. Тэдний талаар итгэл дүүрэн бодолтой байгааг тань хараад бусад хүмүүс ч бас яахын аргагүй тэднийг хүндлэх учраас шал дэмий ичих булчирхайнаасаа болоод харилцаагаа сүйдэх зүйлийг бүү хийгээрэй. Хүмүүсийн бодолд 100 хувь ач холбогдол өгөхөө больчихвол та илүү эрх чөлөөтэй жаргалтай болохоос өөр яахсан билээ?
“Айх, ичих гэдэг бол утгагүй зүйл. Харамсах ч мөн адил” гэсэн Мерилин Монрогийн үгийг зөвхөн амьдарсан шиг амьдардаг хүүхнүүд л мөрдөж чаддаг гэдэгт эргэлзэх юм алга.