Онол #1: Үсээ тайрвал хурдан ургана
Тогтмол тайруулж байх нь эрүүл үстэй болох чухал “жор” мөн боловч, энэ нь таныг Рапунцель болгоно гэдэг юу л бол. Хүний үс сард дунджаар хагас инч ургадаг нь “жам” бөгөөд энэ нь таныг үсээ тайруулах эсэхтэй хамааралгүй юм. Үзүүрээс нь тайрах нь үсийг гэмтэхээс хамгаалж, илүү бат бөх, эрч хүчтэй болоход тусалдаг ч гэлээ хуйханд, үс ургалтанд нөлөөгүй. Гэвч эрүүл үсэнд ямар ч салаалсан үзүүр, гэмтэлтэй хэсэг байдаггүй учраас бага зэрэг урт харагддаг нь үнэн юм. Тиймээс 8-12 хоногт үсчин дээр чодог зуршлаа бүү хаяарай.
Онол #2: Жирэмсэн эмэгтэй үсээ будаж болохгүй
Одоог хүртэл үсний будаг ургийн хөгжилд ямар нэг сөрөг нөлөө үзүүлдэг гэх шинжлэх ухааны нотолгоо алга байгаа юм. Бие давхар бүсгүйчүүд өөрийнхөө гоо сайхан, биенд хэрэглэх бүтээгдэхүүндээ болгоомжтой хандах нь зүйтэй. Харин зарим үс арчилгааны бүтээгдэхүүнүүдэд формальдегид хэмээх бодис агуулагддаг нь заавал жирэмсэн биш, бүх бүсгүйчүүдэд бага зэрэг хортой байж мэдэх тул үсний будаг, шампунь, ангижруулагч авахдаа найрлагыг нь харж байхыг зөвлөж байна. Мөн аль болох байгалийн гаралтай найрлага бүхий үсний будаг сонгож байгаарай. Хэдий үсний будаг урагт нөлөөлдөг нь батлагдаагүй зүйл хэдий ч жирэмсний эхний гурван сард ургийн ерөнхий мэдрэлийн системийн хөгжил явагддаг учраас энэ үед ямарваа гоо сайхны шинэ бүтээгдэхүүн хэрэглэхээс зайлсхийгээрэй.
Онол #3: Ангижруулагч хэрэглэхээ больвол тослогтохгүй
Үс тослогтоно гэдэг нь хуйхнаас их хэмжээний тослог ялгарч буйн шинж учраас ангижруулагч хэрэглэхээ больвол тослогтохоо болино гэдэг ойлголт худал юм. Харин түүний оронд хуйхыг тослогжилтын эсрэг шампуниар угаагаад, үзүүр хэсгийг чийгшүүлэгч шампуниар угаагаарай. Ангижруулагчийг үсний гол болон төгсгөл хэсэгт л түрхэнэ үү. Мөн тослог үстэй бол самаа үргэлж цэвэрхэн байлга. Мөн шампуний үлдэгдэл, илүүдэл тосыг авахын тулд самаа бүлээн устай саванд дүрж, доошоо харуулан хатааж үсээ самнаарай.
Онол #4: Үсийг үргэлж дээрээс нь доошоо чиглэлтэй самнах ёстой
Үс арчилгааны бүх л сурталчилгаан дээр үсээ хуйхнаасаа үзүүр хүртэл самнаж байгаа бүсгүйн дүр гардаг ч нойтон чийгтэй үсийг ийн самнах нь гэмтээх аюултай. Үүний оронд үзүүрээс нь дээшээ чиглэлээр самнаж үзээрэй. Энэ нь таны үсэнд илүү бага дарамт учруулах болно.
Онол #5: Биеийн бүх хэсгийн үс зэрэг ургадаг
Толгой, гар, хөл, суганы үсний ургалт бүгд өөр өөр цаг хугацаатай. Үс нь ургахынхаа өмнө 3 үе шатыг дамждаг бөгөөд биеийн хэсэг бүрийн үе шатийн явагдах хугацаа нь хоорондоо ялгаатай байдаг.
Онол #6: Үсний төрөлхийн хэлбэр хэзээ ч алдагддаггүй
Жаахан байхдаа шингэн, шулуун үстэй байсан хирнээ том болоод долгионтой буржгар үстэй болсон гэх бүсгүйчүүд байдаг. Үсний хэлбэр, хэв маяг нь огт өөрчлөгддөггүй зүйл биш гэнэ. Ургалтын мөчлөгийн урт богино, тэжээл, эмчилгээнээс хамаарч хүний төрөлхийн үс өөрчлөгдөж болдог аж. Үсний хуйханд нөлөөлөхүйц хэмжээний эмчилгээ, химийн бүтээгдэхүүн зэрэг нь үсний өнгийг өөрчилж, буржгар болгох нь бий. Үүнээс гадна үс шингэрэх ч тохиолдол бас байдаг. Стресс, нас, гормоны өөрчлөлтүүд ч бас таны үсний харагдах байдалд нөлөөлж болно.