Эрчүүд архинд дурлаж эхнэрүүд нэлээд шаналах боллоо. Ажил дээрээ бараг л өдөр болгон ажлынхаа хэн нэгний төрсөн өдрийг тэмдэглэдэг зуршил манай Монголд тогтоод удаж байна. Ажлын өдрүүд дөнгөж дуусангуут “Баасан ах”-ын баярыг тэмдэглэн шар айраг ууна. Ингэсээр нэг сайхан өдөр та нөхрөө хамгийн сүүлд хэзээ эрүүл харснаа санахгүй байх вий… Архи, шар айрганд согтсон хүний тархи, ухаан бусадтай харилцан ярих, өдөр тутмынхаа ажлыг хийх чадваргүй болдог. Тийм ээ, ингэснээр ажлаасаа халагдаж ч болох юм.
Хариултгүй асуултууд
Архи уудаг нөхөртэй эмэгтэйчүүд хэзээ нэг өдөр нөхөр минь архинаас гарна гэсэн хоосон итгэл д найдаж амьдардаг. Гэвч нөхөр нь уусаар л…Эрт орой нэгэн цагт тэвчээр нь алдарсан эхнэрүүд өөртөө “Яах вэ? Салдаг юм бил үү?” гэсэн уламжлалт асуултыг тавьдаг. Хариулт нь тодорхойгүй энэ асуултанд эмэгтэйчүүд шийдвэртэй хандаж чаддаггүй. Ялангуяа хүүхэдтэй гэр бүл эр нөхрөөсөө эд материал, хөрөнгө мөнгөөр хараат байдаг.
Биелдэггүй амлалт
Үргэлж уудаг нөхрийгөө ганц удаа эрүүл ирэхэд нь эхнэрүүд дотроо баярладаг ч гэсэн үглэж, загнаж, уйлж дахин архи уухгүй гэсэн ам өчиг авахыг хүсдэг. Эхнэрийнхээ өмнө өвдөг сөхрөн сууж, цээжээ дэлдэж, дахин архи уухгүй хэмээн нус нулимсандаа хахан тангараг тавьдаг эрчүүд мэдээж, маш цөөхөн. Тэгээд ч энэ бол биелэгддэггүй амлалт байдаг.
Нуувал асуудал улам ужиг болно
Зарим нэг эмэгтэйчүүд гэртээ болж байгаа асуудлыг ойр дотны хүмүүс буюу эцэг эхээсээ нуун хав дардаг. Тэдэнд гэрт нь юу ч болоогүй мэт амар амгалан дүрийг эсгэдэг. Хэрвээ гэрийн эзэн ээлжит архиа уусан тохиолдолд гэртээ хэнийг ч оруулахгүй, утсаа авахгүй, нөхрийгөө хөдөө томилолтоор явсан гэх мэтээр хаацайлдаг. Мөн ажлын газар руу нь залган удирдах хүмүүст нь өвдсөн мэтээр хэлээд, дараа нь таньдаг эмчээсээ магадлагаа авахаар гүйцгээдэг билээ. Нөгөө хэсэг эмэгтэйчүүд нь яагаад ч юм, архи уудаг эр нөхрөө гэртээ уувал хяналт тавьж чадна хэмээн итгэдэг. Тийм эмэгтэйчүүд өөрсдөө нөхөртөө архи, дарс авч өгөөд, гадуур л уухгүй бол боллоо гэж боддог. Зарим нэг нь бүр хамтарч ч уудаг байна. Энэ мэтээр нөхрийнхөө муу зуршилтай эвлэрэх нь ямар ч сайн үр дүнд хүргэхгүй шүү дээ. Ингэж нууж хаацайлснаар асуудал бүр л ужиг талдаа болно.
Ийм үед яах ёстой вэ?
Энэхүү асуултад “Нөхрийгөө архинаас хэрхэн аврах вэ?” гэдэг номыг бичсэн, сэтгэл зүйч хариулж байна.
– Юуны өмнө нөхрөөсөө хамааралгүй байхыг ичээ! Мөнгө олчихоор гайгүй ажил эрж хай. Мэдлэгийнхээ хүрээг тэлж, танилынхаа хүрээг өргөжүүл. Хэрвээ архи уудаг нөхрийнхөө хажууд өдөр бүр халаад, углааштай, сэгсийж явдаг байсан бол өөрийнхөө гадаад төрхөнд нэлээд анхаарал тавь. Өдөр бүрийн стрессээс болж хэт таргалсан бол тур.
– Хэрвээ хэрэг явдал нэлээд гүнзгийрч архинаас гарч чадахаа больсон бол, мөн эмчлүүлэхийг хүсэхгүй байгаа тохиолдолд “Торгуулийн дүрэм”-ийг баримтал!
– Түүнд хоол, ундыг бэлдэж өгөх хэрэггүй. Хувцсыг нь ч угаалгүй орхи. (Өөрөө өөртөө үйлчлэхээс өөр аргагүй байдалд хүргэ)
– Түүнтэй зайлшгүй ярих ахуйн яриаг л ярилцахаас өөрөөр түүнтэй бүү дуугар
– Хардлагын тухай яриад үз
– Урт удаан хугацаагаар ор дэрнийхээ асуудлыг зогсоох
– Түүний архидахаас болж мэдрэл нь стресст орж хүнд өвчин туссан гэж айлгах
– Согтуу байхдаа ямархуу байдгийг нь камераар авч эрүүл болоход нь харуулах
– Гэрээсээ явах
– Түүнийг гэрээс нь хөөх
– Салж, байраа авна гэсэн өргөдлөө өгсөн, тэр баримтаа үзүүлэх. Зөвхөн архинаас гарч, эмчид очсон тохиолдолд өргөдлөө авна гэж айлгах
– Хэрвээ нөхөр чинь хүч хэрэглэн гар хүрсэн тохиолдолд цагдаад өгөх, “торгууль” хүлээлгэ. Зодож, цохисон байдлыг нууж хаах нь дараагийн удаа таныг бүр илүү зодох эхлэл болдог. Эрчүүд эхнэртээ нэг удаа гар хүрсэн бол дахин давтан үйлдэгдэх магадлал нь өндөр болдог.
Гэхдээ мэдээж, энэ зүйлүүдийг бүгдийг хэрэглэж болохгүй. Энэ зүйлүүдээс 1-2 сонгоод оролдоод үзээрэй. Ямар ч тохиолдолд байдал арай өөрөөр эргэнэ. Хамгийн гол нь өөрийнхөө хүчинд итгээрэй. Мэдээж гэр бүлээ аварч үлдэхээр шийдсэн бол эрүүл ухаантай үед нь сайтар ярилцаж эмчилгээнд явахыг ятгаад үзээрэй. Гэхдээ нөхөр чинь үргэлж уудаг гэдгээ хүлээн зөвшөөрч чадахгүй л байгаа бол архинаас гарах хүсэлгүй байна гэсэн үг юм.
Miranza. A /Эмэгтэйчүүд.мн/