Саяхан нэгэн Солонгос дуучин эмэгтэй хөөрхөн болох хүсэлдээ хэт автаж, элдэв янзын тарилга хийлгэснээр хүн харахын эцэсгүй царайтай болсон талаарх мэдээлэл цахим орчинд цацагдаад буй.
Монголд сүүлийн үед PRP, каллогентэй утас арьсан дор суулгах, лазер, филлер, ботокс, эхэс тарилга зэрэг үйлчилгээг гоо сайхны эмнэлгүүд хийдэг болоод удаж байна. “Хямд, эрүүл аргаар залуужиж, “Үнсгэлжин” мэт толигор арьстай болохыг хүсвэл дэлхий алдартай оддын хэрэглэдэг сүүлийн үеийн эмчилгээний тарилга хийлгэхийг зөвлөж байна” гэсэн гоо сайхны эмнэлгийн зар, сурталчилгааг уншигч та олонтаа харж, сонссон байх. Гэхдээ эдгээр тарилга хүний биед сөрөг нөлөөтэй эсэх, цаашлаад эрүүл мэндэд ямар ноцтой үр дагавар учруулж болзошгүй тухай анхааруулсан эмнэлгүүд цөөн байдаг аж.
Тухайлбал, “Солонгосын гоо сайхны “Синделла” тарилга зарна. Арван удаагийнх нь нэг курс болдог. Нэг курс нь 500 мянган төгрөгийн үнэтэй” гэх зар цахим орчинд цөөнгүй тааралддаг.
Гоо сайхны эмчилгээнд түлхүү хэрэглэгддэг “Синделла” гэх тариа нь судсанд дуслаар хийдэг бөгөөд гурван төрлийн тарилгатай. Нэг курс нь 80-150 мянган төгрөгийн үнэтэй байдаг аж. Харин “Ботокс” тарилга нь бактериас гаргаж авсан уураг ба үрчлээ үүсгэж буй булчинг суллаж, үрчлээг багасгаж, арьс тэнийлгэдэг үйлчилгээтэй. Энэ хоёр тариаг эмэгтэйчүүд арьсаа сайхан болгох гэж ихэвчлэн хэрэглэдэг байна. Энэхүү уураг нь биеэс дунджаар зургаан сарын хугацаанд ялгарч гардаг гэдгийг эмч нар хэлж байгаа юм.
Өөрөөр хэлбэл, нүүрэн дэх үрчлээг зургаан сарын хугацаанд тэнийлгэнэ гэсэн үг. Энэ эмчилгээг байнга хийлгэдэг эмэгтэйчүүд таван сар болоод ирж үйлчлүүлдэг гэнэ. Тарилгыг бага, багаар хийх ёстой бөгөөд хэрэв тарилгын тунг хэтрүүлбэл нүүрний булчин бүр илүү суларч, зовхи унжих эрсдэлтэйг гоо сайхны эмч мэргэжилтнүүд сануулж байлаа.
“Синделла” судас тарианы нэг удаагийн дусал үйлчилгээ 20-30 минут үргэлжилдэг аж. Нэг курс эмчилгээг хоёр сарын хугацаанд хийдэг бөгөөд дөрвөн долоо хоногт 10 удаа хийсний дараа буюу хоёр дахь эмчилгээнээс үр дүн нь мэдэгддэг гэх ойлголтыг эмч нар эмэгтэйчүүдэд өгч байна.
Энэ мэтээр залуу, сайхан харагдах хүсэлтэй охид, бүсгүйчүүдийн халаасыг “сэгсрэх” гоо сайхны эмнэлгүүд борооны дараах мөөг шиг олширсныг ярьдаггүй ч бидний нүдэн дээр нэгэнтээ ил байсаар. Албан ёсны зөвшөөрөл, зүй ёсны үйл ажиллагааг стандартын дагуу явуулж буй эмнэлгүүдийг үгүйсгэх аргагүй ч бодит байдлаас огт өөр, хямд үнэ санал болгож байгаа гоо сайхны эмчилгээ, тарилга, үйлчилгээ эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд харшлахгүй гэх баталгаа алга байгаа нь дээрх зар, цуглуулсан баримтуудаас харагдаж байгаа юм.
Саяхан МХЕГ-ын хийсэн шалгалтаар БНСУ-ын иргэн бүртгэлийн загвараас зөрүүтэй ботокс нейротоксинийг хууль бусаар хилээр оруулж ирж, худалдаалж байсан нь баримтаар нотлогдсон. Шалгалтын явцад арьс гоо заслын Нандин гоо эмнэлэг 70 ширхэгийг худалдан авсан нь тогтоогдон шалгагдаж байгаа аж.
Гоо сайхын тарилга, гоо сайхны ажилбарууд зөвхөн арьс гоо заслын зөвшөөрөлтэй эмнэлгүүдэд хийгдэх ёстой. Дээрх бүтээгдэхүүнийг эмнэлгийн бус нөхцөлд хэрэглэснээр халдвар хамгааллын аюулгүй байдал зөрчигдсөнөөс халдвар авах магадлалтай. Хэрэв тун хэтэрвэл гоо сайханд өөрчлөлт орж, булчингийн сулрал, хөмсөг дарагдах, нүүрний мимик алдагдах зэрэг сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэйг анхааруулж буй.
Монгол Улсын эмийн зах зээлд зарж, борлуулж буй эмүүд бүгд албан ёсны эрхтэй, бүртгэлтэй байх ёстой. Тиймээс ч гоо сайхны үйлчилгээ эрхэлдэг байгууллагууд албан ёсны эрхтэй газраас эм, тариа, бусад бүтээгдэхүүнийг авч, үйлчилгээндээ ашиглах үүрэгтэй.
Гэтэл энэ мэтчилэн гоо сайхны эм тариа гараас гарт дамжин, ямар ч хяналтгүйгээр олон эмэгтэйчүүд хэрэглэж гоо сайхан, хөрөнгө мөнгөөрөө хохирох тохиолдол их гарч байна.
Г.Хулан
Bataar.mn