Эерэг хүмүүс гэж хэн бэ? “Би сөрөг зүйл бодох дургүй, шүүмжлэгчид бол сөрөг бодолтнууд, тэд болохгүй бүтэхгүй зүйлд хэт их төвлөрч өөрсдийгөө зовоож түүнийгээ бусдад бас халдааж байна, би энэ амьдрал дотор байгаа эерэг зүйлсийг харж амьдрах дуртай, хүссэндээ хүрч зорилгоо биелүүлэх нь чухал, би бол өөдрөг үзэлтэн” гэх гэнэн хандлагыг задлан ярилцацгаая.
Хэдэн жилийн өмнөөс “Нууц” нэртэй кино/ном түгэж, таталцлын хуулийг ашиглан хүн бүр хүссэн бүхнээ аван амжилтанд хүрч болох тухай маш хүчтэй сурталчилсан. “Бодол биелдэг юм. Бодлоо хяна. Та ямар нэг зүйлийг хүсэж түүн дээр бодол тань төвлөрөхөд татах хүчний хууль хүссэнийг тань өгнө” гэдэг үндсэн агуулгатай. Харин “Нууц”-ын цаадах нууц зорилго юу байв гэдгийг нухацтай бодож үзсэн хүн цөөн.
Тэд юу гэж ухуулж байсныг эргэн харцгаая. “Ихэнхдээ хүмүүс битгий биелээсэй гэсэн юмаа боддог, тэгээд тэр нь дахин дахин биелэхэд гайхан гомдоллодог. Жишээ нь, их өртэй байгаагаа бодож санаа зовж суухдаа та татах хүчний хуулинд бодсон бүхнээ биелүүлэхэд тусалдаг. Татах хүчний хууль бол сохор, тэр таны бодсоныг л биелүүлдэг. Энэ тэр зүйл таалагдахгүй байна гэж бодох бүртээ та тэр зүйлсийг бий болгож байдаг юм” гэдэг.
Үүнийг сайтар нягталж бодоогүй бол тун үнэмшилтэй санагдана. Яагаад гэвэл тэд ХАГАС ҮНЭН + ХАГАС ХУДАЛ = ШИЛДЭГ ЗАЛЬ МЭХ гэдэг зарчмаар үнэний зарим элементүүдийг овжин ашиглаж байгаа учраас. Энд үнэн нь юу вэ гэвэл, хүний оюун санааны хүч агуу гэдгийг хугасхан ярьж байна. Аливаад хий дэмий санаа зовж суух нь сайн зүйлд хүргэхгүй гэдэг мэдээжийн үнэнийг бас ярьж байна. Харин худал нь юунд байна вэ гэвэл, бэрхшээл зовлон хүмүүсийн битгий биелээсэй гэж бодсон төдийхнөөр үүсэж бий болдоггүйд оршино.
Монголчууд 25 жилийн өмнө санаа аливаад зовж түгших нь битгий хэл, ямар гээч аюултай бурангуй харгис нийгэмд орж байгаагаа ч мэдэхгүй “цагаан цаас” байлаа. Энэ бүхэн бидний “битгий биелээсэй” гэж бодсон бодлоос үүсээгүй. Тэгвэл харийнхан өөрсдийнхөө эрх ашгийг хангаж-увайгүй зорилгодоо хүрэхийн тулд биднийг зовлонд унагахаар бодож төлөвлөж хэрэгжүүлж болсон байхад, харин бид бодит байдалдаа үнэлэлт дүгнэлт өгч учраа олохын төлөө сайн мууг тал талаас нь бодож болохгүй, хэрэв тэгж бодож эргэцүүлж эхэлбэл нөгөө хүслийг биелүүлдэг “гайхамшигтай” татах хүчний хууль нь эсрэгээр-муугаар ажиллаад эхэлнэ гэсэн үг үү??? “Юмыг битгий эрүүл саруул ухаанаар бод, ердөө л гэнэн хонгор бай, тэгэхгүй бол муу зүйл тохиолдоод эхэлнэ шүү” гэсэн айлгах, эрхшээлдээ байлгах далд санаа энд байна аа даа?!?
Тэр кинон дээр жишээ болгон ярьж байгаа хүмүүсийн хүсэл, зорилго дэндүү өчүүхэн. Жаал хүүгийн хүсэл дугуйтай болох байв, түүнийгээ авч байна; бүсгүй ч шохоорхож байсан зүүлтээ бэлгэнд авав; аавын “хүслийн самбар” дээрх зураг бодит болж тэд мөрөөдсөн байшиндаа амьдардаг болсон байна, бүгдээрээ л мөнгө эд баялагт санаа зовохгүй болсноо ярьцгаана… Их л сайндаа “ийм эхнэр нөхөртөй болмоор байна” гэж хүсээд яг хүсэлдээ тохирсон хүнээ олжээ. Гэвч… Юу хүсэх нь хүний ухамсар ухаан мэдлэгээс шалтгаалдаг. Ухамсаргүй бөгөөд бодож тунгаадаггүй хүний хүсэл юу ч байж болно. Аймшигтай биш гэж үү…???
Хүсэж байгаа зүйлээсээ өөр юм бодохгүй, гэхдээ бүүр сайн дураараа өөрийнхөө ухаан санааг ийнхүү хайрцаглах хэрэгтэй гэж энд ухуулж байна. Юу сайн, юу муу болохыг эргэцүүлээгүй хүн – юу зөв, юу бурууг ялгахгүй, зөвхөн хэрэгцээ шуналдаа хөтлөгдөнө. Амьдралынхаа чухал асуудлуудыг ултай суурьтай бодож эргэцүүлэхээ больчхоод, хэрэгцээгээ хангах явцуу хүслээ л дагадаг болбол бид адгуус амьтнаас ялгарах юмгүй.
Өдөр бүр, цаг тутам зөвхөн асар их мөнгөтэй болох тухай бодож, таазан дээрээ хэдэн тэрбум, саяын тоо наачхаад орон дээрээ хэвтэж байгаа хүний ухаан санаанд мөнгө олох бүх арга орж ирэх нь дамжиггүй. Энийг тэгээд “татах хүчний агуу хууль” гэдэг хэрэг үү??? Хүний оюун санаа аливаа нэг асуудалд хүчтэй төвлөрвөл шийдэл гарц олддог энгийн логик зарчмыг “татах хүчний агуу хууль” гэх үү?
“Ухаантай хүмүүс татах хүчний хуулийг хэзээд мэддэг юм. Эртний вавилиончуудын шилэгдмэл 1% нь улсынхаа мөнгө баялгийн 96%-ийг эзэмшиж байсныг юу гэж тайлбарлах вэ” гэж цэцэрхэж байгаа буурал гадаад өвгөн тэр “шилэгдмэл нэг хувийнхан” жирийн хүн ардыг сорж мөлжихөөр бодож олж хэрэгжүүлсээр өдийг хүрсэн арга бачийг мэдэхгүйдээ ингэж бурж байгаа юм биш.
Энэ бол таны ухааныг “жижиг тугалны бэлчих газраас цааш хэтрэхгүй” болгон явцууруулж, мунхруулж, тэнэгрүүлж, бусдын гар хөл болж, эд мөнгөнөөс өөр юм бодохгүй жижигхээн хүсэл хэрэгцээндээ хөтлөгдөж мал шиг амьдрахад уруу татаж байгаа бурангуй заль мэх. “Бодол бүр өөрийн хэлбэлзэлтэй” гэж тэдний ярьж байгааг тунгааж бодоод үз. Та гайхамшигт оюун ухаант хүн атлаа зөвхөн хэрэгцээгээ хангах төдий дорд хэлбэлзэлд орохыг зөвшөөрч, “хүсэл” нэртэй шунал тачаал тэнэглэлийнхээ төлөө энэ дэлхийд ирсэн эрхэм дээд зорилгоосоо ухарч, мөн чанар сүнсээ тэр адгийн “хэлбэлзлийг” захирагч хүчинд худалдах гэж үү? Гэтэл хүн гэдэг агуу, хүмүүс бид сайн сайхныг жинхэнэ утгаар нь дэлхий ертөнцөд цогцлоон бүтээж чадна.
Тэдний ярьж байгаа шиг аливаа зүйлийг битгий биелээсэй гэх бодол үнэнийг ойлгоогүй хүний хоосон айдсаас урган гардаг. Айдас бол хүний сэтгэл оюуны хүч чадлыг асар ихээр сааруулдаг дайсан. Айдас бол бүтэлгүйтэхээс эмээх мэдрэмж болохоос биш, ухамсартай бодол эргэцүүлэл биш. Яг энд л тэдний заль мэх оршиж байгаа юм. Бүгдийг маш нарийн шинжлэн бодох хэрэгтэй. Хүн эрүүл саруул ухаанаар айж байгаа зүйлийнхээ уг үндсийг олж харахыг хичээж, бодож тунгааж, ургуулан судалж, асуудлаа үндсээр нь таньж мэдвэл – уг зүйл нь айгаад байхаар юм огт биш байсныг ойлгож, улмаар айдас зовнилоосоо чөлөөлөгддөг. Гэхдээ энэ нь болгоомжилж хаширлаж болохгүй гэсэн үг биш. Асуудлыг өргөн утгаар нь ойлгож эхэлбэл, айх биш харин болгоомжлох ёстой зүйлсээ ч ялгаж салгаж сурна.
Бид хувь заяаныхаа эзэд бөгөөд бидний сонголтоос бүх зүйл шалтгаалдаг. Хүний сэтгэхүй, оюун ухааны хүч үнэхээр гайхамшигтай. Энэ хүчээ зөв ашиглахын тулд юуны түрүүнд бодит үнэнийг олж мэдэх хэрэгтэй. Гэтэл үнэн зүйлийг “сөрөг мэдээлэл, хандлага” хэмээн ухуулж, “эерэг байх”-ын тулд үнэнийг мэдэхээс татгалзахыг, хэрэглээний донтон болж, бусдад ашиглагдаж гол зүйлээ ойлгохгүй адгууслаг амьдрахыг хүн төрөлхтөнд энэ кино/ном уриалж байна. Энэ бол “Нууц”-ын цаадах нууц – хүний оюун санааг хайрцаглах гэсэн заль мэх юм.
“Хамаагүй муу юм” бодвол тэр бодол чинь биелчихнэ шүү гэж айлгаж хууран, эргэн тойрондоо болж байгаа бүхий л зүйлсэд бодит үнэлэлт дүгнэлт өгөхгүйгээр нүдээ аньж чихээ бөглөн ертөнцийн бор хоногийг элээхийг өөрсдөөр маань зальдаж байгаад “сонгуулж” байна. Энэ бол таны дээд ухамсар сэтгэхүйд “мэдээ алдуулагч шахаж”, сонор сэрэмжийг тань “унтуулан”, асуудлыг цогцоор нь харуулахгүй жижигхээн юманд төвлөрүүлж амьдруулах гэсэн оролдлого.
Өөдрөг үзэл гэдэг бол үнэн зөв мэдлэг мэдээллийг олж, оюуны хүч чадлаа бүрэн дүүрэн ашиглан, бүгдийг эргэцүүлэн бодож ухаарсны үндсэн дээр сайн сайханд сэтгэл үл шантран зорих, өөрийнхөө сул талыг ялан дийлж, хүнч сэтгэлээр бусдадаа тусалж, шударга ёсны нийгэм журмыг байгуулж, зөвийг эрхэмлэж, сайн үйлсийг бүтээж, чин шударга амьдрах зориг тэмүүлэл юм. Өөдрөг үзэлд тавтай морил.