Охиндоо бэлэглэж чадах хамгийн гоё ирээдүйг
Олж автлаа ээж нь амьд явахыг хүснэ
Жижигхэн зүрхэнд чинь аугаа том мөрөөдлүүд байгаад
Жил саруудыг ээж нь чамаараа л угтахыг хүснэ
Сурсан зангаараа ээж нь шанаагаа тулаад
Суутан мэт бодлогоширч удаан суухдаа
Чамаас минь өөр надад үнэнч үлдэх хэнийг ч
Чанх тэнгэрийн дор олж хараагүйдээ л итгэдэг
Учир асуун шалгаах шулга жаахан охин минь
Уудалж жаргаам үнэнийг ойлгоход чи минь балчирхан
Сонсохыг хүсдэг үлгэрээс чинь тэс ондоо амьдралд
Сонголт гэж үгүйд л эмзэглэл оршдог шүү, үр минь
Ээж нь хүүгээ нартай хамт хөтлөөд
Инээдээр будсан чиний хайртай зураг
Ээжийгээ настай нь хамт үүрээд
Инээдээр гоёсон чиний хайртай дүрслэл
Амьдралыг үнэлэх цаг хугацааны шалгуурт
Сонгодог нэгэн бүтээл болж
Аугаа ертөнцийн гарт хадгалагдан үлдэнэ, үр минь
Уулнаас өндөр, одноос олон хайртай гэж хэлэхэд чинь
Уснаас гүн, тэнгэрээс том хайртай гэж хэлэхэд чинь
Хамгийн гоё шүлгийг ганцхан чамаас л сонсохоор
Халуухан амийг чинь төрүүлсэндээ талархаад баршгүй болохоор
Эцсийн зогсоол хүртэлх бурхны зурсан замаар
Ээж нь чинийхээ гарыг алгандаа цэцэглээд алхана
Элээх насныхаа тоог гүйцээж тушаахын цагтаа
Эргэж чамдаа л төрөхөөр алсхан яваад ирнэ
Энхрий охин минь чи
Хаврын ногоо шиг ургаж байна
Эмээг нь эргэхээр намрын шувууд буцаж байна
Өөрийгөө иртэл чи ээжийгээ санах болохоор
Үүрд амьдралын шалтгаан ганцхан чамдаа л хорогдоно
Ганцхан чамайгаа л хайрлана.
Б.Болорцэрэн