Өнөөдөр би хоёр найзтайгаа агаарт гарч “далийн ягаан” гэдэг шидтэй цэцгэн дээр сууж ядаргаагаа тайлах байлаа. Өчигдөр л тэгж тохирцгоосон. Харин би хэрэгт дурлаад Викепеди рүү орж энэ цэцгийг сонирхлоо. Бид энэ цэцгийн талаар буруу ойлголттой явдаг юм байна шүү.
Энэ бол их хортой цэцэг гэнэ. Цэцгийн үнэрт хордож мансуурч байгаагаа ядаргаа тайлж байна гэж эндүүрдэг бололтой. Далийн ягаан буюу латинаар Rhododendron хэмээх энэ цэцэг нь нейротоксин(мэдрэлийг хордуулагч) бүлэгт хамрагддаг андромедотоксин хэмээх хортой бодисыг их хэмжээгээр агуулдаг бөгөөд энэ бодис нь хүний эсийн мэдрэх рецептор(хүлээн авах буюу бидний ойлгож заншсанаар антенн)-ийн чадварыг эвддэг.
Эхний хэсэгхэн хугацаанд хүний мэдрэлийн төв системийн ажиллагааг сэргээх боловч аажмаар түүнийг дарангуйлж цаашдаа үхэлд ч хүргэх аюултай гэж бичжээ. Бид бусдын ам дамжсан ярианд сохроор итгэж эрүүл мэндээ сайжруулж байна гэж янз бүрийн батлагдаагүй зүйлсийг хэрэглэхийн өмнө мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авч, шинжлэх ухааны батлагдсан эх үүсвэрээс мэдээлэл авч заншвал зүгээр юм уу.
Ер нь зөвхөн далийн ягаан ч гэлтгүй бусад ардын уламжлалт гэх элдэв эмчилгээний талаар мэргэжлийн эмч, эм зүйч, химич, биологичид зохих судалгааг хийж хүмүүст хүргэж байлтай. Би энэ талын мэргэжилтэн биш ээ. Гэвч албан ёсны эх үүсвэрт ингэж бичсэн болохоор та бүхэнтэй хуваалцъя гэж бодлоо. Үүнийг цаашаа ойр дотныхоо хүмүүст дамжуулж болзошгүй хор хөнөөлөөс сэргийлье. Бид өнөөдөр далийн ягаанд явахаа больсон.