Алдартай брэнд бүтээгдэхүүнийг хуурамчаар үйлдвэрлэж түүнийг дэлхийн аль ч улсын хүүхнүүд хямд үнээр худалдан авч хэрэглэдэг талаар хүн бүр мэднэ. Тухайн брэнд бүтээгдэхүүн хэдий чинээ алдартай мөн хэдий чинээ өндөр үнэтэй байна тэр хирээр түүнийг дууриалган үйлдвэрлэх магадлал их байдаг.
Брэндийн нэр төрд ихээхэн халтай, компанийн эдийн засагт багагүй хохирол учруулдаг хууль бус үйлдвэрлэлийн зах зээл сүүлийн үед эрс нэмэгдсэн юм байна. Ялангуяа Азид хулхи брэндийн үйлдвэрлэл 85% болтлоо өссөн ажээ. Эдгээр барааг гол төлөв онлайн дэлгүүр буюу интэрнэтээр худалдаалдаг байх нь.
Ийнхүү брэнд нэрийг хууль бусаар ашиглахыг эсэргүүцсэн ширүүхэн аянг Францын luxury-брэнд Chanel болон Louis Vuitton Европын хэд хэдэн оронд нэгэн зэрэг эхлүүлсэн. Одоо энэ аянд 75 гаруй брэнд хамтарч Францын нисэх онгоцны буудлуудаар хулхи барааг гаднаас худалдан авах, хилээр оруулж ирэхгүй байхыг анхааруулсан ухуулга сурталчилгааны ажилуудыг өрнүүлээд байгаа юм байна.
Дууриамал брэнд худалдан авч хэрэглэсний төлөө 300 мянган евроны төлбөр эсвэл 3 жил хүртэлхи хугацаагаар шоронд хоригдох ял оногдох маш хатуу хууль Франц улсад үйлчилж байна. Энэ жил хуурамч брэндийн эсрэг дайнд Итали, Чех, Румын, Унгар, Хорват улс нэгджээ.
Иймээс эдгээр орнуудын хөөрхий хүүхнүүд хуурамч брэндийн эд хэрэглэлээ хогийн саванд хаяхаас өөр аргагүйд хүрээд байгаа. Харин Монголд энэ хууль дүрэм орж иртлээ мөн хэрэгжих болтлоо их удна биз.
emegteichuud.mn