Одоогоос зургаан жилийн өмнө буюу яг энэ өдөр монголын хошин урлагийн “Өнгөт инээд” хамтлагийн жүжигчин Ж.Мөнхсайхан, П.Эрдэнэзаан, М.Баярмагнай нар өрх тусгаарлах шийдвэр гаргажээ. Тэд хамтлагийнхаа найруулагч Ц.Хүсэлбаатар ах, С.Өлзийхүү эгчтэйгээ тусдаа уулзаад бие даах болсон тухайгаа дуулгасан гэдэг. Залуучууд биеэ даахаар зориг шулуудсан тухайгаа дуулгаж, бие биедээ амжилт хүссэнээр уулзалт өндөрлөсөн байна.
Харин эрх чөлөөтэй болсон мань гурав цаашид яах тухайгаа ярилцахаар Туулын хөвөөг зорьсон гэнэ. Голын эрэг дээр хоосон суугаад яахав гээд халаасан дахь мөнгөө нийлүүлэн чанасан толгой, шил архи худалдаж авчээ. Өдөржин голын эрэг дээр сууж, ганц, ганц ширхэг юмнуудаа идэж, уунгаа нэрээ сонгох талаар ярилцаж, театрын билэгдэл маскийг хамтлагийнхаа нэр болгохоор шийдсэн аж.
Тус хамтлаг үүсгэн байгуулагдсан энэ түүхээ дурсан ярих дуртай бөгөөд өдгөө монголын хошин урлагт өөрийн гэсэн байр суурьтай, тэднийг сонгон үздэг үзэгчидтэй болж чадсан. Зөвхөн хошин урлагийн тоглолт гэлтгүй, дэлгэцийн уран бүтээл, мюзикл жүжиг ч бүтээгээд амжжээ.