Дэлхийн бүжгийн спортын цомын тэмцээн болох”World cup 2012″ тэмцээнд монголын 10 настай тамирчид амжилттай оролцож, гранпри шагнал авчээ. Тодруулбал, бага насны ангилалд Виктори бүжгийн клубт хичээллэдэг 10 настай Б.Тэнүүн, Р.Учрал нар стандарт цэнгээнт бүжгийн төрөлд өрсөлдөж гранпри хүртжээ.
Дэлхийн бүжгийн холбоо /World Dance Consul/-оос зохион байгуулдаг уг тэмцээн долдугаар сарын 12-15-ны өдрүүдэд Хятадын Шимжин хотод болжээ. Энэ тэмцээнд Монголоос гурван хос, нийт зургаан тамирчин гурван насны ангилалд оролцсон байна.
Харин өсвөр болон залуучуудын насны ангилалд оролцсон монголын хос тамирчид бүгд финалын шатанд шалгарсан амжилт үзүүлсэн юм байна. Өнгөрсөн жил тэд хагас шигшээд шалгарч байсан бол 2012 онд ийнхүү амжилтаа ахиулсан аж.
Манай тамирчид тэмцээний дараа Бээжин хотоор аялаад өнгөрсөн бямба гарагт Монголдоо иржээ. Бүжгийн спортын дэлхийн цомын тэмцээн нь энэ жил 10 дахь удаагаа зохиогдсон бөгөөд нийт 3000 гаруй тамирчин оролцсон юм байна.