Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг зуны олимпийн XXX их наадам Их Британийн нийслэл Лондон хотноо арван хоёр дахь өдрөө үргэлжилж буй.
Одоогийн байдлаар 65 улс медаль аваад байгаагаас Хятад (34 алт, 21 мөнгө, 18 хүрэл), АНУ (30+19+21), Их Британи (22+13+13), БНСУ (12+5+6), ОХУ (10+18+20) улсууд тэргүүлж байна.
Харин манай улсын хувьд жүдогийн мөнгө, хүрэл медалийн амжилтаар 49 дүгээр байрт явна. Дээр нь бокс нэг хүрэл медалийн болзол хангаад байгаа билээ.
Спортын түүхэнд 17-хон насандаа Монгол Улсын Гавьяат тамирчин болж, Монголын хамгийн залуу гавьяатаар тодорсон. МУГТ Н.Төгсцогг боксын спортод хөл тавьсан цагаасаа боксын спортод хайртай хүн бүрийг уран гоё тоглолтуудаараа гайхшруулж ирсэн.
Тиймдээ ч энэ авьяаслаг хүү анх Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хамгийн түрүүнд 48 кг-ын жинд хүрэл медаль эх орондоо авчирч байлаа. Мөн 2010 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж тухайн тэмцээний шилдэг боксчин шагналыг давхар хүртэж байсан гээд богино хугацаанд гялалзсан амжилтуудыг үзүүлж байсан билээ.
Терөлхийн авьяастай дайчин тэрээр энэ л үеэс жингийн өрсөлдөгчөөсөө илүүрхэж хэр баргийн цохилтод бууж өгөхеө больсон. Үүнийгээ ч дэлхий олимпийн рингэнд харуулж чадлаа. Түүний анхны багш “Алдар” нийгэмлэгийн дасгалжуулагч А.Гантулга. Эл багшийн хувьд хүүхдүүдтэйгээ маш сайн ажилладаг бөгөөд анхнаас нь суурийг нь зөв тавьж өгсөн нь түүний олон амжилтаас илхэн харагддаг. Үнэхээр боксын төлөө сэтгэл зүрхээ бүрэн зориулсан хүн гэж алдартай дасгалжуулагчид нь ам уралдан ярьдаг юм билээ.
Ийнхүү Гантулга багшийн багт гурван жил хичээллэж байхад нь Бээжингийн олимпийн дараа 17 нас-тай Төгсцогт хүүг Ардын багш, гавьяат дасгалжуулагч Д.Банди боксын шигшээ багт хүлээж авч байв. Төрөлхийн мундаг авьяастай хүү гэдгээр нь онцолж байна, түүнд сэтгэлийн хөдөлгөөнөө барихаас өгсүүлээд боксчин хүнд байх ёстой олон сайн чанар бий. Хэрэв би эрүүл мэндийн шалтгаанаас дасгалжуулагчийн ажлаа орхиогүй бол Төгсцогттойгоо тууштай ажиллаж заавал олимпийн аварга болгох байсан. Гэсэн ч би тоглолт бүрийг нь үзэж маш их баярлаж омогшиж байна. Өдөр бүхэн ярьж зөвлөж байгаа. Эндээс л сэтгэл минь дулаацаж, уужирч байна даа хэмээн Ардын багш Д.Банди нулимс дуслуулан ярьсан юм.
Ардын багш маань “Миний ертөнц” нэртэй дурсамж номоо бичжээ. Тэр номонд шавь Төгсцогт нь маш том орон зайг эзэлж байгаа гэлээ. Дөлгөөхөн дуу цөөтэй, тоглолтын арга техникээ дотроо бодож боловсруулж явдаг энэ хүүгийн аав Солонгос улсад, ээж нь Монголд хувиараа бизнес эрхэлдэг аж. Тэрээр хүрэл медалийн төлөө 2011 оны Бакугийн дэлхийн аваргын хүрэл медальт, Узбекистаны тамирчин Ясурбек Латиповтой нударга зөрүүлж тоглолтын эхний үед нэг онооны зөрүүтэй ялагдал хүлээсэн. Гэсэн хэдий ч хоёр, гуравдугаар үед илүүрхсэн тоглолт үзүүлж 15:10 (4-5, 5-3, 6-2) харьцаатай ялалт байгуулснаар Монголын олимпийн түүхэнд 22 дахь медальтан боллоо. Одоо тэрээр мөнгөн медалийн төлөө, цаашлаад аваргын алтан медалийн төлөө тоглох боломжтой юм.
Түүний дараагийн учраа нь 2011 оны Бакугийн дэлхийн аваргын алт, 2009 оны Миланы дэлхийн аваргын хүрэл медальт, Европын аварга, ОХУ-ын боксчин Миша Алоиан. Н.Төгсцогтын хувьд өмнө нь 2009 оны Миланы ДАШТ-д Миша Алоиантай таарч, илүүрхэж байсан билээ. Мөнгөн медалийн төлөөх тоглолт орон нутгийн цагаар наймдугаар сарын 10-ны 20.30 цагт буюу Монголын цагаар 11-ний шөнө 03.30 цагт болно.
Олимпийн найдвар гэгдэж байсан Хөдөлмөрийн баатар П.Сэрдамбыг медальгүй хоцроход монголчуудын гол харлаж байсан. Гэтэл тэрхүү медалийг Төгсцогт маань нөхөөд аваад ирсэн. Тиймээс бид Н.Төгсцогт, У.Мөнх-Эрдэнэ нарын боксчин хөвгүүдээ цаашид хэрхэн тоглохыг харах л үлдлээ.
Тамирчдадаа амжилт хүсээд аварга болоорой гэж ерөөе.
Д.Нэргүй