Их Британийн “Nature” сэтгүүлээс Лондонгийн олимпийн бяцхан аварга “супер охин” гэгдэж буй Хятадын усанд сэлэлтийн тамирчин Е Шивенээс уучлал гуйжээ.
Уг сэтгүүлийн зүгээс Е охины гайхамшигт амжилтын нууц нь сэргээш байж магадгүй тухай ноцтой асуудал хөндсөн нийтлэл бичиж, өөрсдийн сайтдаа нийтэлсэн нь дэлхийн спорт сонирхогчдын чихийг дэлдийлгэсэн удаатай.
Сэтгүүлийн сайтад наймдугаар сарын 1-нд “Олимпийн агуу тамирчдын амжилт яагаад сэжиг төрүүлдэг вэ” гэх гарчигтай нийтлэл гарсан бөгөөд түүнд Е Шивень охины алтан медалийн амжилт нь “хэвийн бус” хэмээгээд, хэдийгээр сэргээшийн шинжилгээнд ямар нэг зөрчил илрээгүй ч энэ нь түүнийг допингийн төрлийн ямар нэг зүйл хэрэглээгүй гэдгийг баталж чадахгүй гэх утга бүхий зүйл дурджээ.
Улмаар ихээхэн шүүмжлэлд өртөж, онлайн уншигчдын сэтгэгдлийг хязгаарлахдаа тулсан сэтгүүлийн хамт олон “Редакторын зурвас” хэмээн онцолж, Хятадын тамирчин супер охиноос уучлал гуйсан аж. Үүний дараа нийтлэлийг өөрчилсөн талаар ч мэдэгдэл хийжээ.
Малайзын тамирчид хамгийн өндөр шагнал авахаар болжээ.
Дэлхийн эв нэгдлийн бэлгэдэл, Лондонгийн олимпийн наадмаас эх орондоо медальтай ирж буй тамирчдадаа улс орнууд өндөр шагнал өгсөөр байна. Тэр ч бүү хэл зарим улс орон тамирчдадаа хайрлан хүндэтгэн, насан туршид нь тэтгэлэг олгохоор болдог байна. Тодруулбал, төрийн мэдэлд олимпийн медалтнуудаа авдаг жишигтэй.
Малайз улсын хувьд энэ жилийн Лондонгийн олимпийн өмнө медаль авсан бүх тамирчиддаа өндөр шагнал амлаж байжээ. Амлалт ёсоор тэрхүү шагналыг дэлхий нийтэд задлав. Уг нь тус улсын тамирчид алтан медаль авбал нэг тэрбум 400 сая орчим төгрөгөөр шагнах учиртай байж. Харин Азарбаеджан улс олимпийн алтан медалийг 570 сая, Итали 200 сая, ОХУ 150 сая төгрөгөөр тамирчдынхаа хүч хөдөлмөрийг үнэлсэн юм. АНУ, Австрали, ХБНГУ зэрэг орнууд 27 орчим сая, БНХАУ 90 сая орчим төгрөгөөр шагнах болсон талаар Лондонгийн олимпийн өмнө мэдээлэл цацагдаж байсан.
Харин Энэтхэг улс алтан медаль хүртсэн тамирчиндаа тухайн спортын ерөнхий дасгалжуулагчийн эрхийг өгөхөд л хангалттай гэжээ. Мөн зохион байгуулагч орны хувьд алтан медальтнууддаа 1000 орчим ам долларын үнэтэй түүний зураг бүхий шуудангийн маркийг хэвлэхээр болжээ. Лондонгийн олимпоос алтан медаль хүртсэн Өмнөд Солонгосын тамирчид насан туршдаа сар болгон дансандаа нэг 1 сая воны цалин авах бол мөнгөн медалийн эзэн 750 мянган вон, хүрэл медальтнууд 525 мянган вон авах аж. Өмнөд Солонгост сар бүр ийм хэмжээний цалин авдаг нийт 1063 тамирчин байдаг юм байна.
Елена Исенбаева 2016 оны олимпт оролцоно
Тийм ээ. Түүний хувьд олимп, дэлхийн хэмжээний тэмцээнүүдээс нийт 27 рекорд тогтоож, дэлхийд данстай шилдэг тамирчин болж чадсан. ОХУ-ын тулгуурт харайлтын тамирчин Елена Исенбаеваг “Олимпийн гурав дахь алтан медалиа авна” гэдэгт найдаж байсан бүх зүйл талаар болсон билээ.
Тэрбээр бэлтгэл сургуулилт тааруу байсан уу, яасан энэ удаад хүрэл медалийн эзнээр тодорсон. Тэрбээр хүрэл медалийн болзол хангасныхаа дараа “Яг үнэнийг хэлэхэд, би маш их ядарсан. Надад харайна гэдэг хэцүү байлаа. Сэтгэл зүйн хувьд ч тэр өрсөлдөгчдөөсөө илүү байж чадаагүй нь үнэн” хэмээн ярьжээ. Мөн “Мэдээж би алтан медаль хүртэхийг маш их хүсч байсан. Алчууран доор суугаад “Лена чи чадна” гэж өөртөө хэлж байсан ч “Би үнэхээр ядарч байна. Гэртээ харих хэрэгтэй” гэжээ.
Уг нь түүний хувьд Лондонгийн олимп хамгийн сүүлийнх байсан. Зодог тайлах болно гэдгээ ч мэдэгдэж байлаа. Гэвч тэрбээр Рио де Жанейро хотноо болох “Рио-2016” зуны олимпийн XXXI их наадамд оролцох хүсэлтэй байгаа талаар мэдэгджээ. “Рио-2016” олимпийн наадмын өмнө юу болохыг тааварлаж мэдэхгүй. Гэхдээ сүүлийн хүчээ шавхахийг хичээх болно. Амьдрал хаашаа эргэхийг тааж мэдэх биш дээ” хэмээн ярьсан байна. Өдгөө 30 настай ахмад тамирчин бүсгүй хувийнхаа амьдралын талаар тодорхой зүйл яриагүй бөгөөд одоогоор нөхөрт гараагүй ч хайртай залуугаа олсон аж.
Шилдэг долоо хаана байна
Эдийн засгийн гачигдал уу, эд мөнгөний шунал уу. Ямартай ч Камерун улсын долоон тамирчин ор сураггүй алга болоод багагүй хугацаа өнгөрчөөд байна.
Энэ талаар “The Guardian” мэдээлэв. Тодруулбал, тус улсын шигшээ багийн таван боксчин, усан спортын хоёр, нэг хөлбөмбөгчин энэ долоо хоногийн эхээр олимпийн хотхоноос ор сураггүй зугтсан аж. Эдгээр тамирчид Их Британид цагаачлахаар шийдсэн тул багаа орхин явсан байж магадгүй талаар эх сурвалжууд мэдээлсээр байна. Камерунд амьдралын нөхцөл байдал маш хүнд байдаг талаар олимп тайлбарлагч хөтөч ярьж байжээ.
Гэхдээ тамирчид нь зугтаасан явдал Камеруны шигшээ багийн нэр хүндэд муугаар нөлөөлөх нь гарцаагүй. Тиймээс Олон улсын олимпийн хороо, зохион байгуулагч орны хувьд энэ асуудлыг яаралтай шийдвэрлэх талаар хуралдсан. Улмаар олимпийн тамирчдын хотхон, Лондон хотын эргэн тойрон дахь бүх хяналтын камер зэргийг шүүх ажил ид өрнөж байгаа аж.
Крис хой олимпийн зургаа дахь алтан медалиа хүртлээ
Сэр Крис Хой олимпийн наадмаас зургаа дахь алтан медалиа хүртлээ.
Тэрбээр Их Британийн түүхэнд бүх цаг үеийн хамгийн өндөр амжилт гаргасан олимпийн тамирчин болжээ. Олимпийн замын дугуйн тэмцээн эхэлсэн эхний өдөр эрэгтэйчүүдийн багийн уралдааны спринт төрөлд алтан медаль хүртсэн Крис Хой дугуйн уралдааны кейрин төрөлд мөн аваргалж алтан медаль хүртжээ.
Тэрбээр ийнхүү олимпийн наадмаас зургаа дахь медалиа авч Их Британийн тамирчин Сэр Стив Рэдгрейвийн таван алтан медалийн эзэн болсон амжилтыг эвджээ. Мөн 2000 оны Сиднейн олимпиос хүртсэн мөнгөн медалийн хамт нийт долоон медалийн эзэн болсоноор Брэдли Уиггинсийн олимпийн амжилтыг давтаж буй аж. Өдгөө 36 настай шотланд гаралтай дугуйчин 2016 онд тав дахь олимпдоо оролцох боломжгүй гэдгээ хэвлэлийн бага хурлын үеэр өөрөө хүлээн зөвшөөрсөн билээ. Гэхдээ тэрбээр замын дугуйн шилдэг спринтер гэдгээ нэгэнт бататгаж чадсан юм.
Олимпийн аварга, дэлхийн дөрвөн удаагийн аварга Крис Хой уралдааны дараа “Би нутаг нэгт хөгжөөн дэмжигчдийнхээ өмнө алтан медаль зүүхийг хүссэн. Намайг дэмжин босч, уухайлж байсан үзэгчдэдээ талархаж байна. Миний хувьд одоо хангалттай. Олимпийн замналаа өндөрлөх төгс зам энэ байлаа” хэмээн ярьжээ. Өчигдөр болсон эрэгтэйчүүдийн кейрин төрөлд дэлхийн аваргын мөнгөн медальт, Германы Максимиллиан Левай мөнгө, харин Шинэ Зеландын Саймон ван Велтхоовен хүрэл медалийн эзэн болсон байна. Лондон хотын велодромд зургаан өдрийн турш үргэлжилсэн олимпийн замын дугуйн тэмцээнд Их Британийн тамирчид шилдэг нь байж, нийт 10 төрлөөс долоон алт, мөнгө, хүрэл медаль тус тус нэгийг хүртжээ.
Б.Баатар