Жил бүрийн 12 сар гармагц Америкийн цэцгийн дэлгүүрүүд пуансетта /Poinsettia/ цэцгээр дүүрч албан газар, айл өрх бүрийн Зул сар болон Шинэ жилийн баярыг улаан өнгийн энэ цэцэггүйгээр төсөөлшгүй болсон билээ. Энэхүү гайхалтай хурц улаан өнгийн цэцэг нь Мексик орноос гаралтай. Мексикийн уугуул нутгийн ацтекууд тус цэцгийн ишнээс сүү шиг цагаан өнгийн шингэн ялгардагийг ханиад томуу эмчлэхэд хэрэглэж байжээ. Түүнээс гадна улаан навчаар нь ноосон эдлэлээ өнгөнд оруулж ахуй амьдралдаа эрт дээр үеэс ашиглаж ирсэн байх юм. Ацтекуудын сүүлийн хаан Монтесума нийслэл хотоо одоогийн Мехико хотод сүндэрлүүлэхдээ шинэ хотын гудамжуудаар улаан цэцгийг тарьж ургуулахыг зарлиг болгож байсан байна. Ацтекууд энэ цэцгийг хэлбэр дүрсээр нь “Одон цэцэг” /Cuetlaxochitl/ гэж нэрлэдэг байсан.
Харин сүүлд испаний байлдан дагуулагчид Зул сарын баярын үеэр боловсорч улаан өнгөтэй болдог энэ цэцгийн нэрийг өөрчлөн өөрсдийнхөө баяртай холбож “Ариун цэцэг” / /Flor de la noche Buena/ гэж нэрлэх болжээ. Ургамал зүйд энэ цэцгийг Euphorbia pulcherrima гэдэг. Түүнчлэн Америкт пуансетта /Poinsettia/ гэж нэрлэдэгийг бид мэдэх билээ. 1820 онд АНУ-аас Мексик улсад томилогдон суусан анхны Элчин сайд Ж.Р.Поинсет /J.R.Poinsett,1779-1851/гэдэг хүний ачаар Пуансэтта цэцэг анх Америкт “хөл тавьсан” түүхтэй.
Энэ хүний франц гаралтай нь холбоотойгоор цэцгийн нэрийг “Poinsettia” гэж бичдэг боловч франц аялгаар дууддаг ажээ. 11-р сарын дундаас жаахан хүйтрээд ирэх үеэр улаан өнгөтэй болж хувираад хэсэг хугацааны дараа буцаад ногоон өнгөндөө ордог энэхүү цэцэг түүний сонирхолыг ихээр татсан юм. Тэрбээр 1825 онд Элчин сайдынхаа албыг хашиж дуусаад нутаг буцахдаа тэрхүү улаан цэцгийг гэртээ авчир! ч хашаандаа суулгажээ. Ноён Ж.Р.Поинсетт өөрийн муж Умард Каролинагаас Конгрессийн гишүүнээр сонгогдож,төр засгийн алба хааж явсан гарамгай улс төрч байсан. Гэвч ард түмнийхээ зүрх сэтгэлд Euphorbia pulcherrima цэцгийг америкчуудад танилцуулсан хүн гэдгээрээ алдаршин үлдсэн юм. 1828 оны Зул сарын өмнөхөн Конгрессийн нэгэн гишүүн Поинсеттаг гэртээ урихад түүнд бэлэг сэлт авах цаг гараагүй учир гэрийнхээ гадаа ургаж байсан улаан өнгийн цэцэгнээсээ бариад очлоо. Айлын эзэгтэй урьд өмнө үзэж хараагүй сонин хэлбэртэй тэр цэцгийг маш их сонирхож,ширээн дээрээ тавьсан байна. Улаан өнгийн цэцэг цав цагаан бүтээлэгтэй зоогийн ширээнд ихэд зохицож, баярын уур амьсгалыг нэмсэн нь айлын эзэгтэйг үнэхээр их баярлуулав.
1900 онд Алберт Экке гэгч герман цагаач эр гадаа ургадаг энэхүү улаан цэцгийг Калифорни дахь гэртээ ургуулж эхэлснээр нэгхэн сарын хугацаанд АНУ-д 250 сая долларын ашиг оруулж өгдөг пуансетта цэцгийн бизнесийн эхлэл болсон юм. АНУ-д зөвхөн Эккегийн цэцгийн аж ахуйд улаан, ягаан ба цайвар шар өнгийн зуу гаруй төрлийн пуансетта цэцгийг тарьж ургуулдаг байсан бол 1990 оноос эхлэн Канад улс болон бусад мужуудад тарьж ургуулах боллоо. Энэ нь пуансетта цэцгийн 80 хувийг Эккегийн аж ахуйд ургуулж, үлдсэн 20 хувийг бусад 50 мужид тарьж байсан гэсэн үг юм. 2008 оноос эхлэн Эккегийн гэр бүл дэлхий дээрх бүх л пуансетта цэцгийн аж ахуйг хяналтандаа авснаар өөрсдөө энэ цэцгийг тарьж ургуулахаа больсон аж. Эккегийн гэр бүлийн санаачлагаар 2002 оноос жил бүр Америк орон даяар “Пуансетта цэцгийн баярын өдөр”-ийг уламжлал болгон тэмдэглэх болжээ. Энэ өдөр бол ноён Ж.Р.Поинсеттийн насан эцэслэсэн 12 сарын 12-ний өдөр билээ. Америкийн ард түмэнд пуансетта цэцгийг таниулж өгсөн түүний нэр ийнхүү мөнхжсөн юм.
Ш.Наранчимэг, В. Мөнхтуяа