“Авьяаслаг монголчууд” шоу нэвтрүүлгийн гуравдугаар улирлын шалгаруулалтад тун амжилттай оролцож, дэд байрт шалгарсан ОХУ-ын Буриад улсын циркийн жүжигчин Дулма Пунцукова,Павел Истомин нар хэдийн монголчуудын танил болсон.
Тэд хоёул Буриадын циркт ажилладаг бөгөөд шоунд оролцохоор Монголд ирэхэд нь найз залуу, гэр бүлийнхэн нь хамт ирж, дэмжсэн байна. Дулмагийн найз залуу түүний үнэнч шүтэн бишрэгч бөгөөд хайртай бүсгүйгээ шоуны туршид дэмжин, Монголд хамт байжээ. Дулмагийн найз залууг Алексей Боровицкий гэдэг. Тэр чөлөөт бөхөөр хичээллэдэг бөгөөд энэ онд болсон Оросын оюутны аварга шалгаруулах тэмцээний 65 кг-ын жинд түрүүлсэн, Буриадын шилдэг тамирчдын нэг аж.