Камбож улсын Эрүүл мэндийн яамны мэдээлснээр үл мэдэх халдварын улмаас одоогийн байдлаар 60 гаруй хүүхэд амиа алджээ. Өчигдөр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас (ДЭМБ) тус улсын яамны мэдэгдлийг нотолж, хүлээн зөвшөөрсөн байна.
Одоогийн байдлаар ДЭМБ болон Камбожийн Эрүүл мэндийн яамны мэргэжилтнүүд хамтарсан шинжилгээ явуулж, өвчний шалтгаан болон тохирох эмчилгээ, хязгаарлах арга замыг эрж хайж байгаа аж.
ДЭМБ Камбожид байрлах төлөөлөгчийн газраараа дамжуулан халдварт өвчнийг хяналтдаа авч байгаа бөгөөд эмчилгээ, техникийн дэмжлэг үзүүлж эхэлжээ. Тус байгууллагын мэргэжилтний ярьснаар өвчнийг одоогоор урьдчилан тодорхойлоход бэрх байгаа гэнэ.
ДЭМБ мэдэгдэлдээ “Халдварт өвчний талаар олон улсын эрүүл мэндийн дүрэм заалтын хүрээнд Камбожийн хөрш орнуудад энэхүү халдварын талаар албан ёсоор мэдээлж эхэлсэн. Камбожийн үл мэдэх өвчин хотын захын дүүргүүдэд бохир орчинд амьдардаг хүүхдүүд өртсөн байна” гэжээ.
Энэ оны дөрөвдүгээр сард Вьетнамд үл мэдэх өвчний улмаас 20 орчим хүн амиа алдсан юм. Тэнд уг халдвараар ихэвчлэн залуус өвчилсөн бөгөөд халуурч, гар, хөл дээр нь тууралт үүссэн байна. Одоогийн байдлаар Вьетнамд үл мэдэх халдварын улмаас 185 хүн эмчлүүлж байгаа аж.
Олон улсын байгууллагын шинжээчдийн ярьснаар томоохон байгалийн гамшиг, тэр дундаа үерийн дараа халуун, чийглэг уур амьсгалтай улсуудад бохирын улмаас халдварт өвчин дэгддэг байна.