Чамд дурлаагүй хирнээ чиний биш ямар нэг юманд “дурласан” ашигч залуусыг таних шинж тэмдэг илт байдаг. Гэхдээ бид түүнийг анзаардаггүй эсвэл анзаарсан ч итгэхийг хүсдэггүй. Гэхдээ чамд дурласан залуу л хэрэгтэй биш гэж үү?
1. Хамтдаа үзсэн кино, хамтдаа зооглосон хоолны төлбөр тооцоог ихэвчлэн чи төлдөг бол энэ нь ашиглуулж байгаагийн хамгийн том шинж тэмдэг юм. Тэр үнэхээр чамд чин сэтгэлийн үүднээс ханддаг бол тийм байдлыг хэзээ ч гаргахгүй байсан. Зарим үед ойлгох хэрэгтэй ч тэр байнга чиний түрийвчийг хардаг бол харилцаагаа ахин сайн бодож үзэхийг зөвлөе.
2. Тэр хэр завтай байдаг вэ? Чиний тусламж, эсвэл чамаас өөр ямар нэг зүйл хэрэгтэй болсон тохиолдолд л тэр чамд зав гаргадаг бол аюулын дохио л гэж ойлго. Жишээлбэл: мөнгө, гэр цэвэрлэх, хоол хийлгүүлэх, ажил хэргийн тусламж авах, эсвэл зүгээр л сексийн дур хүслээ хангах гэх мэт. Харин тэр чамд хэрэгтэй болох үед түүнд гэнэтийн чухал ажил гарна эсвэл түүнийг хаана байгааг чи үл мэднэ. Энэ бол бүр ч “улаан гэрэл”
3. Болзооны төлбөрөөс гадна, утасны төлбөр, байрны мөнгөө ч бас чамаар яаж ийж байгаад хийлгэчихдэг юм биш биз? Санхүүгийн хувьд чамаас хараат байдаг хүнтэй яавч эвлэрч болохгүй.
4. Амьдралд нь тохиолдсон саад бэрхшээл болгонд тэр чамайг буруутгадаг уу? Ажилд орж чадахгүй байгаадаа, юмаа алдсандаа бас бусад том жижиг бэрхшээлүүд бүгд л чиний буруу юм шиг дайрч давшилдаг бол айлын эрх жаалын гарыг тавих цаг болжээ бүсгүй минь.
5. Чи шинэ жил, гэгээн Валентины баяр, ойн өдөр, эр цэргийн баяраар түүнд зориулж үргэлж л ямар нэг онцгой зүйл сэддэг. Гэтэл тэр ер нь чамд ямар нэг зүйл өгч байсан уу? Хэрвээ үгүй бол ахиад сайн бодоод үзээрэй. Хайртай бүсгүйгээ баярлуулахын тулд хичээл зүтгэл гаргах нь эрэгтэй хүнд таалагддаг. Гэтэл тэр чиний төлөө хичээхгүй, чамайг аз жаргалтай байлгахыг хүсэхгүй байвал сэтгэл нь өөр газар байгаагаас ялгаагүй.
6. Эцэст нь тэр ямар нэг шийдвэр гаргахдаа чамд ямар байх талаар огт бодолцож үздэггүй бол түүний сэтгэл дэх чиний байр суурь эсрэг л байна гэсэн үг.
Чамайг бусдын л нэг гэж боддог тэр “сохор” эрийн төлөө бүхнээ зориулах хэрэггүй. Хорвоо ертөнц чиний төлөө эргэдэг гэдэгт итгэж нүүр бардам байгаарай.