“HOT чинжүү” нэвтрүүлгээрээ олны танил болж, “Намрын синдром”, “Сайн уу, амьдрал минь” зэрэг дэлгэцийн
бүтээлээрээ кино урлагт чамлахааргүй амжилт үзүүлсан “ТВ коктейль”-ийнхон ирэх есдүгээр сард “Хоёр ертөнцийн буудал” драмын жүжгээ үзэгчдэдээ толилуулахаар зэхэж буй ажээ.
Энэ талаар тус хамтлагийн жүжигчин Н.Цэнд-Аюушаас тодрууллаа.
-Сайн байна уу. Танай хамтлагийг драмын жүжиг тайзнаа тавихаар бэлтгэлээ базааж буй гэж сонслоо. Ер нь “ТВ коктейль”-оор сонин юу байна?
-Сайн. Манай хамтлагийнхан ойрд тоглолтын бэлтгэл ажил гээд завгүй хүмүүс л байна. Бид Францын Элчин сайдын яам болон зохиолч Эрик Эммануэль Шмиттээс албан ёсны зөвшөөрөл авч түүний “Хоёр ертөнцийн буудал” хэмээх бүтээлийг драмын жүжиг болгон тайзнаа амилуулах гэж байна. Энэ жүжигт манай хамтлагийнхан бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцоно. Мөн СТА Ц.Батхуяг /Амбий/ ах, Б.Навчаа эгч бид нар урилгаар тоглохоор болсон. Ерөнхийдөө бэлтгэл ажил бараг хангагдаад дуусч байна. Жүжиг маань зургаан гол дүртэй. Гол дүрд манай хамтлагийн жүжигчин А.Өнөржаргал, Д.Энхбаяр нар тоглоно. Жүжгийн найруулагчаар “Мөрөөдлийн хөлөг онгоц”, “Диваажингаас амьдралд хүрэх зам”, “Адам”, “Бодлын хулгайч” зэрэг киног найруулсан Ж.Сэнгэдорж ажиллаж байна.
-“Хоёр ертөнцийн буудал” жүжгийн үйл явдлаас манай уншигчдад сонирхуулаач?
-Жүжгийнхээ гол утга санааг дэлгэрэнгүй яримааргүй байна. Учир нь үзэгчид маань өөрсдөө ирээд үзвэл сонирхолтой байх болно. Жүжиг маань бүх насны хүмүүст зориулсан. Аль ч насныхан үзэхэд манай жүжгээс өөрөө өөрийгөө олж харна гэж хэлмээр байна. Ямартаа ч манай “Хоёр ертөнцийн буудал”-д та бүхэн саатаад үзээрэй.
-Танай хамтлагийг хүүхэлдэйн кино хийнэ гэсэн цуу яриа байсан. Тэрхүү бүтээл юу болов?
– Харин тиймээ. Энэ ажил маань арай эхлээгүй байгаа. Бидэнд хүүхэд багачуудад зориулсан уран бүтээл хийхээр төлөвлөсөн юм бий. Ямар ч байсан үндэсний хүүхэлдэйн баатартай болох зорилготой байгаа. Мөн Монгол оронд болон дэлхийд ховордсон ан амьтдыг бяцхан багачуудад таниулан сурталчилах ажлыг хийнэ.
-Баярлалаа
Л. Алтан-Эрдэнэ http://bolod.mn/modules.php?name=News&nID=85518