Шүд эрүүл бол бие эрүүл гэдэг. Гэтэл сүүлийн жилүүдэд манай улсад шүдний өвчлөл газар авлаа. Монголын нүүр, ам, эрүүл ахуйн холбооноос хийсэн судалгаагаар насанд хүрсэн хоёр хүн тутмын нэг нь шүдний ямар нэг өвчлөлтэй болохыг тогтоожээ. Мөн 40-өөс дээш насныхан хиймэл шүд хийлгэх нь ихэссэн гэнэ. Социализмын үед монголчууд сүү, цагаан идээгээ өргөн хэрэглэдэг байсан учраас шүдний өвчлөл бараг гардаггүй байж. Гэтэл хот суурин газрын иргэд цагаан идээ хэрэглэх нь багассанаас болон амны хөндийн ариун цэвэр буруу сахиснаас энэ төрлийн өвчлөл нэмэгдэх болжээ. Өнгөрсөн хавар явуулсан “Эрүүл хүүхэд аян”-ы хүрээнд Монголын өнцөг булан бүрт байгаа хүүхдүүдийг үзлэгт хамруулахад 91.3 хувь нь амны хөндийн өвчтэй гарсан байна. Багачуудын дунд энэ өвчлөл нэмэгдэж буй шалтгаан нь эцэг, эх чүүд хүүхдийнхээ сүүн шүдэнд анхаарал бага тавьдагтай холбоотой гэнэ.
Дээрх хоёр судалгаанаас монголчууд амны хөндийн өвчлөлд бүрэн автсан гэж дүгнэж болохоор байна. Манай улсад ажилласан ХБНГУын “Хил хязгааргүй нийгэмлэг” ТББынхан ч үүнийг баталж байлаа. Тэд саяхан хөдөө орон нутагт ажиллаж 600 гаруй хүний шүдийг эмчилсэн аж. Орон нутгийн иргэд амны хөндийн ариун цэвэр сахих талаар мэдлэг муутайгаас гадна шүдээ эмчлүүлэхэд хойрго ханддагийг тус байгууллагынхан халаглан өгүүлж байв. Нийслэлийнхэнтэй харьцуулахад тэнд шүдний өвчлөл харьцангуй бага ч иргэдийн эрүүл мэндийн боловсрол тааруу нь эмч нарын сэтгэлийг зовоож буй аж. Шүд өвчлөхөд олон шалтгаан нөлөөлж байгаа. Тухайлбал, хийжүүлсэн ундааг гадаадын орнуудад соруулаар уудаг. Энэ нь шүдэнд хүрэхгүйгээр уруул, тагнайгаар дамжин ходоодонд ордог аж.
Гэтэл манайхан аягаар шууд уудаг нь буруу бөгөөд хийжүүлсэн ундаанд агуулагддаг хүчил, шүлт нь шүдийг гэмтээдэг юм байна. Иймээс хүмүүсийн энэ талын мэдлэг, мэдээллийг сайжруулах хэрэгтэйг Шүд, эрүү, нүүрний эмгэг судлалын төвийн захирал Д.Чухал ярьж байв. Мөн тэрбээр “Чихэр огт идэж болохгүй гэсэн ойлголт зарим иргэдийн дунд байдаг. Энэ нь өрөөсг өл ойлголт, зөв зохистой хэрэглэх л ёстой. Чихэр, шоколаданд агуулагдах глюкоз зэрэг хэрэгтэй бодис нь хүний биед тэжээл болохоос гадна хоолны дуршил сайжруулдаг юм. Нийгэм хөгжихийн хэрээр шүдний өвчлөл газар бүрт харилцан адилгүй байна. Жишээ нь, бидний хийсэн судалгаагаар нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт шүдний өвчлөл хамгийн их, тэр дундаа боломжийн амьдралтай өрхийн хүүхдүүдийн дунд амны хөндийн өвчлөл хамгийн их байсан. Тэнд нэг хүүхдийн 8-9 шүд цоорхой байхад Сонгинохайрхан дүүрэгт нэг хүүхдийн 5-6 шүд өвчилсөн нь ажиглагдсан.
Дэлхий нийтэд шүдний өвчлөлийг ихэвчлэн хүнсний бүтээгдэхүүнээс хамаарч үүсдэг хэмээн үздэг аж. Өнгөрсөн жил нийслэлийн Эрүүл мэндийн газар, нийгмийн Эрүүл мэндийн хүрээлэн, Шүд, эрүү, нүүрний эмгэг судлалын төв хамтран нийслэлийн хүн амд шүдний өвчлөл ямархуу байгааг судалжээ. Нийслэлийн бүх сургууль, цэцэрлэгээс тодорхой тооны хүүхдүүдийг судалгаанд хамруулахад 5-6 насныхны 89.3 хувь буюу нэг хүүхдийн долоо, 12 насныхны 65.3 хувь буюу нэг хүүхдийн 2-3, 18 насны нэг хүүхдийн 3-4 шүд өвчилсөн байсан байна. Чихэрлэг зүйл, хүнсний бүтээгдэхүүн зэрэг нь шүд цоорох хамгийн эхний шалтгаан болж байгааг тэд онцоллоо. Мөн амны хөндийн ариун цэвэр, эцэг_ эхийн эрүүл мэндийн боловсролын байдал нөлөөлдөг аж. Үүнээс гадна 5-6 насныхны сүүн шүд цоорхой байх нь тухайн эмэгтэй жирэмсэн байхдаа ямар бүтээгдэхүүн хэрэглэж байсан, хэр зэрэг хордлоготой байсан эсэхээс шалтгаалдгийг судалгааны багийнхан тогтоожээ. Жирэмсний эхний нэг сартайд хүүхдийн сүүн шүдний эхний үр хөврөл бий болдог бөгөөд энэ үед ээж нь хордлоготой байсан бол хүүхэд нь сүүн шүдний хатуу эдийн гэмтэлтэй төрдөг гэнэ. Ийм гэмтэлтэй төрсөн хүүхдийн шүд нь чихэр идсэн, идээгүй ч цоорч харладаг аж. Нэгэнт ийм эмгэгтэй төрвөл эмчлэхэд хэцүү гэсэн.
Өөрөөр хэлбэл, шүдний паалан нь бат бөх бус болдог юм байна. 5-6 сартай хүүхдэд байнгын шүд ургах эхлэл тавигддаг бөгөөд энэ үедээ суулгалт, хатгаа зэрэг халдварт өвчнөөр өвчлөөгүй тохиолдолд хүүхдийн шүд хэвийн ургадаг аж. Тиймээс эцэг, эхчүүд ийм үед нь анхаарал халамжаа сулруулахгүй байхыг мэргэжлийн эмч зөвлөв. Өвчилсөн шүдээ хүн удаан хугацаанд эмчлүүлэхгүй явбал хоолойны ангина, үе мөч, бөөрний үрэвсэл зэрэг олон төрлийн өвчний урьдач нөхцөл болдог аж. Мөн шүдний өвчлөлөөс үүдэж улаан хоолой, толгой, хүзүү болон уушгины хорт хавдар үүсдэг болохыг Японы эрдэмтэд тогтоожээ. Нагоя хотын их сургуулийн судлаачид дээр дурдсан хорт хавдартай 5240 өвчтөн болон эрүүл чийрэг биетэй 10480 гаруй хүмүүсийг хамруулсан судалгаа явуулсны эцэст ийм дүгнэлтэд хүрсэн аж. Шүдний өвчин хоолойн 136, толгой болон хүзүүний 54, уушгины хорт хавдар үүсэх эрсдлийг 68 хувь ихэсгэдэг болохыг тогтоосон байна. Мөн хавдар үүсэх магадлал нь өвчилсөн шүдний тоотой шууд хамааралтай байжээ.
Энэ хамааралд архи, тамхины хэрэглээ гэсэн хүчин зүйлийг оруулсан ч өөрчлөгдөөгүй гэнэ. Харин судалгаанд оролцсон хүмүүсийн нас, хүйсээс хамааран өөрчлөгдөж байжээ. Тухайлбал, толгой болон хузүү, улаан хоолойны хорт хавдар үүсэх эрсдэл 70-аас доош насны эмэгтэйчүүдэд өндөр байхад түүнээс дээш насны эрэгтэйчүүдийн дунд бага байж. Үүнээс үүдэн шүд хорхойтох, авахуулах зэрэг нь хорт хавдар үүсэхэд шууд нөлөөлдөг болохыг судалгааны багийнхан үгүйсгээгүй гэнэ. Иймд амны хөндийн ариун цэврийг сахин, энэ төрлийн өвчнөөс сэргийлснээр эрүүл мэндээ сахин хамгаалж, хорт хавдраас урьдчилан сэргийлэх боломжтой гэдгийг тэд анхааруулжээ. Шүдний өвчлөлөөс улбаатай олон өвчний талаар бичлээ. Нэгэнт өвчилсөн шүдийг яаж эмчлэх вэ. Манай улс дээхэн үед шүд ломбодохын тулд өрөмддөг байсан арга аль хэдийнэ ард хоцорч, өдгөө дэлхий дахинд ашиглаж буй багаж, техник ашиглан эмчилдэг болсон аж. Мөн ОХУ, БНСУ, Япон зэрэг улсад хэрэглэж буй материал ашиглан шүд ломбодох, хиймэл шүд хийх зэрэг олон төрлийн эмчилгээ хийдэг болсон гэнэ. Мөн сүүлийн үед фторын агууламж өндөртэй янз бүрийн шүдний оо гарч байгаа нь үр дүн сайтай байгаа аж. Тиймээс хүн бүр цоорсон шүдээ тухай бүрт нь эмчлүүлж, эрүүл мэндээ хамгаалцгаая.
С.БАТЗАЯА /Mongolnews.mn/