“Сүүн бүтээгдэхүүн хэрэглэгчийн төв” ТББ-аас “Гоё” нэрийн таргийг чанар, стандартын шаардлага хангахгүй байгаа тул дахин үйлдвэрлэхгүй байхыг шаарджээ. “Оргил хүнс” ХХК-ны “Гоё” тараг нь хадгалах хугацааг зориудаар уртасгах E төрлийн индекс бүтээгдэхүүн хольсон нь “тараг” гэсэн бүтээгдэхүүний мөн чанарыг алдагдуулж байгаа аж.
Мөн MNS 4229:2011 гэсэн стандарт мөрддөг гэдэг ч гадна шошго дээрээ одоо хэрэглэгддэггүй MNS 45225:97 гэсэн стандарт бичсэн нь хэрэглэгчдийг төөрөгдүүлж байгаа гэж “Сүүн бүтээгдэхүүн хэрэглэгчийн төв” ТББ-ынхан үзжээ. Тус байгууллагын Удирдах Зөвлөлийн дарга Б.Цэрэнгийн хэлснээр “Гоё” тарагны шошго дээр байгаа E 441, E 330 гэх мэт нэмэлтүүд нь хүнсний нэмэлтийн техникийн шаардлагад огт байдаггүй аж. Энэ мэт нэмэлт хийсэн бүтээгдэхүүнийг хийсэн таргийг “тараг” биш “тарагны төрлийн ундаа” гэсэн төрөлд оруулдаг байна.
“Сүүн бүтээгдэхүүн хэрэглэгчийн төв” ТББ-ын Удирдах Зөвлөлийн дарга Б.Цэрэн “Ингэж хадгалах хугацааг уртасгах зорилгоор стандартын бус нэмэлт бүтээгдэхүүн хийснээр тараг биш ундаа болж хувирсан. Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалахын тулд “Гоё” тарагны үйлдвэрлэлийг зогсоохыг шаардаж шүүхэд хандсан ч биднийг эргүүлээд шүүхэд өгсөн” гэв.
Монгол улсын хуулинд заавал мөрдөх стандарт, техникийн зохицуулалтыг зөрчсөн тохиолдолд бүтээгдэхүүнийг борлуулахыг хориглох, тохироогүй нөхцөлд үйл ажиллагаа явуулсан бол түр болон бүрмөсөн зогоох, шаардлагатай гэж үзвэл устгах тухай заасан байдаг аж.
Zindaa.mn