Урт наслах, эрүүл, удаан амьдралыг хүсдэггүй хүн ховор. Гэсэн ч тэдний ихэнх нь хүслээ биелүүлж чаддаггүй. Тэгвэл дэлхийн хамгийн өндөр настай хүн болох Америкийн иргэн Бесс Күүпэр өнгөрсөн мягмар гаригт 116 нас хүржээ. Ийм нас насалсан хүн дэлхийд найм бүртгэгджээ. Тэднээс өдгөө амьд буй цорын ганц хүн нь Күүпэр эмээ аж.
Тэрбээр 1896 онд Теннеси мужийн Суливан хотод төрсөн. Дэлхийн I дайны үед Бесс Күүпэр дунд сургуулийн багшаар ажиллаж байсан бол 1924 онд нөхөрт гарсан юм байна. Тэрбээр дөрвөн хүүхэдтэй, 12 ач зээтэй бөгөөд гуч, жич, дөчийнх нь тоо “талийсан” гэнэ. “Гиннес”-ийн дээд амжилт бүртгэх хорооныхон түүнээс урт наслахын нууцыг асуухад “Би бусдын хэрэгт хэзээ ч хошуу дүрж явсангүй. Бас би junk хоол (түргэн хоол, эрүүл мэндэд муу бүтээгдэхүүнүүд) хэзээ ч идэж байгаагүй” хэмээн хариулжээ.