Зарим зүйл наснаас огт хамааралгүй байдаг. “Өдий том болчихоод…” гэж хүмүүс хэлж байсан ч гээх хэрэггүй багын дадал зуршлууд гэж бий.
1. Тасралтгүй мөрөөдөх
Бодит амьдралд бууж ирэх нас гэж хэзээ ч байдаггүй. Мөрөөдлөө сэтгэлдээ амилуулан нойргүй хонодог байсан шөнүүд 18 нас хүрэхээр чинь ор тас алга болох ёсгүй, болгох гэж хичээх ч хэрэггүй. Тэнгэр лүү хараад гэнэт нэг од алган дээр чинь буугаад ирвэл яана аа гэсэн бодол, бид нарын мэдэхгүй ямар нэг аварга биет энэ дэлхий дээр амьдардаг юм биш байгаа гэсэн сониучхан айдсууд л чамайг хэтэрхий реалист үзлээс аварч чадна. Ямар нэг боломжгүй зүйлийг болно гэж итгэдэг хүмүүс л нэг өдөр түүнийгээ болгочихсон сууж байдаг.
2. Байнга асуух
Хүүхдүүд сонирхсон бүх зүйлийнхээ талаар хэнээс ч айхгүйгээр хүссэн цагтаа бусдаас асуудаг. Хариултыг нь мэдмээр байгаа асуултуудаа “Иймхэн юм мэдэхгүй” гэдэг үгнээс айлгүйгээр тэр дор нь асууж сурах нь зүйтэй. Мэдлэг хэзээ ч илүүдэхгүй. Тэгээд ч хариултыг мэдэж байгаа хүн бусадтай хуваалцахтай таатай байдаг. Хэдий чинээ олон асуулт асууна, тэр чинээ олон зүйлийн тухай мэдлэгтэй болно.
3. Гэгээнээр хайрлах
Хүүхэд хэн нэгний хайрлахдаа бүх зүрх сэтгэлээ зориулдаг. Тэд чамайг “чи” болохоор л хайрлаж байгаа юм. Хүүхдүүдэд мөнгө, байр, машин, ажил, нийгмийн байр суурь тэдэнд огт хамаагүй. Хал үзэж халуун чулуу долоосон ч, байгаа бүхнээрээ, гэнэн хонгороор хайрлаж, хэлсэн үг болгонд нь зүгээр л итгэхээ бүү зогсоо. Өөр зүйл биш ариун гэгээн хайр өөрийг чинь удирдахыг зөвшөөр.
4. Зөгнөлт зохиол, үлгэрийн ном унших
Үлгэр их сонсдог хүн төсөөлөн бодох чадвар сайтай, ямар нэгэн зүйлийг ургуулан бодож бүтээх чадвартай болдог. Боломжгүй зүйлийг ч болно гэсэн итгэлтэйгээр, илүү бүтээлчээр амьдрахад чинь багадаа уншаад орхисон хайртай үлгэрийн номнууд чинь тус болно. Хүүхэдтэйгээ цуг хүүхэлдэйн кинл үзэж, ном уншихад үргэлж цаг гаргаж байгаарай.
5. Гэр бүлдээ хайраа илэрхийлэх
Амттай чихэр, дуртай зайрмаг авчирсан ээж, аавыгаа тэвэрдэг байснаа санаж байна уу? Чамайг дээрэлхсэн хүүхдийг загнасан ахдаа баярлаад инээмсэглээд үнсдэг байснаа санадаг уу? Тэгвэл өнөөдөр өдий хүртэл өсгөсөн одоо ч чамайг халамжилсаар байгаа тэднийгээ яагаад хааяа ч гэсэн тэврээд үнсэхээ больчихсон юм бол. Орой утас руу нь залгаад “Сайхан амраарай, хайртай шүү” гэж хэлээд утасны микрофоны хэсэг дээр үнсээд илгээж байгаарай.
6. Тоглож наадах
Хүүхэд насандаа сега, тетрис, модон машин гээд юугаар ч тоглож өссөн байж болно. Гэхдээ том боллоо гээд энэ бүхнийг заавал орхих хэрэггүй. Амралтын өдрөөр найзуудтайгаа, гэр бүлийнхэнтэйгээ видео тоглоом тоглож болно. Хамтдаа цагийг зугаатай өнгөрүүлэнгээ бага насаа дурсаж болно. Хүүхдүүддээ ямар тоглоомоор яаж тоглодог байснаа заавал зааж өгөөрэй. ”Тоглоом тоглодог хүн хөгширдөггүй” гэж СГЗ З.Түмэн-Өлзий гуай захидаг.
7. Нөхөрлөлөө нандигнах
Том болсон хүмүүсийн нөхөрлөл ашиг сонирхол дээр тулгуурлах ёсгүй. Зарим хүмүүс бидний амьдралаас явж зарим нь одоог хүртэл байсаар байдаг. Гэхдээ нэг л мэдэхэд бид багын найзаасаа салсан байх нь бий. Гэхдээ хар багаасаа чамайг сайн мэдэх найзыгаа ажил ихтэй гэдэг шалтгаанаар зугтахын оронд яг одоо залгаж уулзаарай. Багын нөхөрлөл чамйаг үргэлж энэ хэвээрээ байх хэрэгтэйг чинь сануулсаар байх болно.