Монголчуудыг гадныханд таниулж, нүүрийг тахалдаг нэг агуу хүн байдаг нь Чингис хаан. Сайн хүний нэрийг гурав худалдаж иднэ гэдэг шиг өдгөө түүний нэргүй зүйл байхаа больсон. Архины шошго, амралтын газар гээд зугаа цэнгэлийн манлайд дуудагдах болсон эрхэм хүний нэрийг эх хэвээр нь таниулсан шоу Тэрэлжид болж байна. “Хаадын хаан Чингис хаан” шоунд Тэмүжиний бага нас, хайр дурлал, эх газрын эзэн болсон түүхийг жүжигчилсэн байдлаар үзүүлэхийн зэрэгцээ моринд эрэмгий байсныг нь циркийн үзүүлбэрээр харуулсан байна.
Яг ийм шоуг БНСУ-ын Чежү аралд 60 монгол морьтон тоглож, дэлхийд алдаршуулсан удаатай. Харин энэ удаа монгол залуус хамтран эх нутагтаа морин дэл дээр мөнхөрсөн их хааныхаа амьдралыг үзэгчдэд толилуулж байна. Есүхэй баатарын хүү Тэмүүжин Жадран аймгийн Жамуха хүүтэй үй зайгүй нөхөрлөн, андын тангараг тавьж, хуруудан тоглож буйгаар шоу эхлэв. Төөлбөл бие, тоолбол нас чацуу хөвгүүд эрийн цээнд хүрсний дараа Тэв тэнгэр бөөгийн айлдвараар улсын эзэн нь Тэмүүжин болохыг зарлав. Энэ мэдээг дуулсан Жамуха “Тэнгэрт хоёр нар, улсад хоёр эзэн байдаггүй” хэмээн уурсаж, андын тангарагаа умартан эрх мэдлийн төлөө тэмцэх аж. Шоу драмд Жамухын дүрд хувирсан жүжигчинг н.Эрхэс гэдэг. Чежү дэх 60 морьтны шоуд тоглож байсан туршлагатай учраас тэрбээр бусдаасаа илүү сайн жүжиглэж байлаа. Багаасаа хурдан морь унаж байгаад морин тойруулгатай холбогдож улмаар жүжигчин болоод буй нь энэ. “Үүрийн од” ХХК-иас зохион байгуулж буй “Хаадын хаан Чингис хаан” шоу тоглолтод 50 морьтон оролцож байна.
БҮСГҮЙ ДАЙЧИД
Түүхэнд морьтон баатруудын тухай тод бичиж үлдээсэн ч бүсгүйчүүдийн гавьяаг дурдсан нь ховор. Мандухай цэцэн хатан, Ану хатан гээд л түүхэнд тэмдэглэсэн эмэгтэйч үүдийн нэрс дуусдаг. Харин энэ тоглолтын үеэр эрт цагт эрчүүд нь ан авд мордсоны дараа буурь сахин үлдсэн бүсгүйчүүд ч тулалддаг байсан тухай харуулж байлаа. Эрийн цээнд хүрсэн Тэмүжин баатар эрсээ дагуулсаар анд мордоно. Түүнийг эзгүйд Жамуха овог аймаг руу нь уулгалан довтлоход бүсгүй дайчид газар нутаг, адуу малаа хамгаалан байлдах аж. Түүхэн үйл явдлыг үзүүлэхийн зэрэгцээ морь хэвтүүлэх техникийг нум сум агссан охид сонирхуулав. Урьд цагт “Шарай голын гурван хаан” киноны зураг авалтад оролцуулах морьтнууд болон, байлдааны үед хэвтдэг сургуультай морийг бэлтгэх гэж өрнүүн ажил болж байсан гэдэг. Тоглолтод оролцож байгаа охидын дунд өмнө нь морь огт унаж үзээгүй хүүхэд ч байв. Энэ оны дөрөвдүгээр сараас хойш бэлтгэл хийсээр ийнхүү морин дээрээс сум тавьж, циркийн төрөл бүрийн үзүүлэх тоглолт хийж сурчээ.
ҮХЭРТЭЙ, АДУУТАЙ ШОУ
Цайзаар хүрээлүүлж, урд хэсэгтээ гурван толгод бий болгосон тоглолтын талбайд дөрвөн үхэр тэрэг байв. Эдгээр тэргүүдийг солбин тавьж морь харайх саад, дээш нь босгож сэлмээр цавчих үзүүлбэр хийсэн. “Хаадын хаан Чингис хаан” шоу драм морьтны үзүүлбэрээр хязгаарлагдсанг үй. Тоглолтод нь үхэр тэрэг хөллөсөн аяны хэсэг ч байв. Түүнчлэн бөө хэнгэргээ дэлдэж, анд явж буй эрчүүд тулам булаалдан, хоёр морь сэлгэн унасан хүү өртөө улаачийг төлөөлөх нь шоуны тод гялалзах шигтгээ нь байсан юм. Аян дайнд мордохдоо догшин хар сүлдээ барьж, баяр ёслолд есөн хөлт цагаан тугаа хүндэтгэн залах нь монголчуудын эрхэм ёс. Монгол хүмүүс энэ тоглолтыг үзэхдээ мартсан түүхээ сэргээх бол гадныхан Монгол уламжлал, соёлтой танилцах боломжтой аж. Энэ шоуны гол дүрийн жүжигчид нь “Яруу алдарт эх орноо, ялалтаас ялалтад мандуулсан” монгол морьд. Жүжигчилсэн тоглолтын дайн тулааны хэсэгт баатрууд шархдан унахад эзнээ дүүрч, эсвэл дөрөөнөөсөө чирсэн морьд сурамгай гэгч нь тайзны араар орж байлаа. Хөл тавин ёсолж, хажуугаараа хэвтэж үхсэн мэт дүр үзүүлсэн гээд тэдний жүжиглэлт эздээсээ дутуугүй байв.
ТАЛД ЦОГЦОЛСОН ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭН
“Хаадын хаан Чингис хаан” шоу драмын байгууламж Тэрэлж явах замд тод үзэгдэнэ. Гаднаа Монгол Улсын далбаа мандуулсан энэ байгууламж гурван га газарт оршдог. Нэг тэрбум орчим төгрөгийн санх үүжилтээр бүтсэн шоуны бэлтгэл ажил өнгөрсөн оны аравдугаар сард эхэлжээ. Ерөнхий зохион байгуулагч Б.Үүрцайх, найруулагч Л.Батт өр, менежер М.Энхбат нар өөрсдийн гараар хувцас, морины хэрэглэлээ урлаж, дараа нь байгууламжаа босгожээ. Шоу тоглолт үзүүлэх цэнгэлдэх хүрээлэнгийн урт нь 85 метр, өргөн нь 60 метр, 300 үзэгчийн суудалтай. Үүдний танхимдаа янз бүрийн үүлдрийн адууны гэрэл зураг, таван тансаг ундаагаар дайлагч мөнгөн модтой ижил баримал байрлуулжээ. Цэнгэлдэх хүрээлэнгийн үзэгчийн суудал нь дээвэртэй учраас бороотойд ч үзэгчид тух алдахгүй. Тоглолтын талбайг элсээр бүрхсэн нь жүжигчдэд эрсдэл багатай аж. Түүнчлэн энэ талбайд сонгомол морин спортын саад харайлтын тэмцээн, морин дээрх сур харваа зохион байгуулах боломжтой аж. Шоуг зохион байгуулагчдын зарим нь Морин тойруулгаас уран бүтээлийн гараагаа эхэлсэн учраас энд ирсэн зочдод морь унах боломжийг ч олгох гэнэ. Цаашдаа эндээ зоогийн газар байгуулж, цогцолбор болгох төлөвлөгөөтэй байгаа аж. Улмаар гэрлийн гайхамшигийг мэдрүүлж, галтай саадан дээгүүр морьд харайлгах шөнийн шоу хийх нь тэдний хүсэл юм билээ. Аливаа ажлыг эхлүүлэх амаргүй байдаг. Алдаа эндэгдэл ч бишгүй гарна. Гэхдээ л зориглон эхэлж, сэтгэл гарган хөдөлмөрлөж байгаа бол үр шим нь ирэх л болно. “Хаадын хаан Чингис хаан” шоу тоглолт цэнгэлдэхэд нь үзэгчгүй байсан ч өдөр бүр тогтмол тоглох юм билээ. Жүжигчин болон морьдод тоглолтын тоо гэж бий гэнэ. Тэр тоо гүйцэхээр төгс тоглолт гардаг учраас зохион байгуулагчид нь ийн шамдаж буй аж.
С.СЭРГЭЛЭН /Mongolnews.mn/