“Мисс Монголиа” холбооноос Олон улсын Мисс интернэшнл тэмцээнд оролцох Монголын төлөөлөгчийг 2004 оноос эхлэн албан ёсоор шалгаруулан оролцуулдаг уламжлалтай билээ. Ээлжит гоо бүсгүй шалгаруулах “Мисс Монголиа” тэмцээн өчигдөр УДЭТ-ын тайзнаа 20.00 цагт эхэлсэн бөгөөд бүтэн дөрвөн цаг үргэлжилсний эцэст ялагч тодорлоо.
Наадмын шилдэг зургаан бүсгүйгээр Б.Нарантуяа, А.Уянга, Т.Ариунзаяа, Ч.Энхтуяа, Д.Долгион, Т.Оюун-Эрдэнэ нар тодорсон бөгөөд наадмын дэд миссээр Солонгос улсын “Доксонг” их сургуулийн оюутан А.Уянга шалгарсан билээ.
Харин “Мисс Монголиа” тэмцээний ялагчаар хувийн дугаар 19, Дэлгэржавын Долгион тодорч титмийн эзэн болсон юм.
Энэ жилийн тэргүүн мисс Д.Долгионд топ модель Ч.Содтуяа титмийг зүүж өглөө. Д.Долгион нь Удирдлагын академийн Төрийн удирдлагын сургуульд сурдаг бөгөөд 21 настай нэгэн юм. Түүний биеийн жин 52 кг, 180 см өндөр, иеийн харьцаа 87х65х92.
Дашрамд дурьдахад, тэмцээнийг олон улсын миссийн тэмцээний жишгээр мисс модел, мисс фото, мисс авъяас, мисс пикини, мисс спорт, мисс гүүдвил зэрэг төрлөөр зохион байгуулсан билээ. Энэ жилийн тэмцээнд мисспорт , мисс гүүдвил (оюунлаг, ухаалаг, тусч) төрөл нэмэгдсэн нь бас нэгэн онцлог, давуу тал болсон. Тэмцээний тэргүүн мисс ирэх сарын 1-21-нд Японы Окинавад болох Мисс интернэшнл тэмцээнд, дэд мисс нь Интерконтинэшнл, гуравдугаар байрт шалгарсан мисс дэлхийн оюутны миссийн тэмцээнд оролцох эрхтэй болж байгаа юм.
Наадмыг финалд өрсөлдсөн 16 бүсгүй латин америк бүжгээр нээсэн бөгөөд шүүгчдийн бүрэлдэхүүнийг танилцуулсны дараа Нюанс хамтлаг үзэсгэлэнт охидыг төрүүлж өсгөсөн ээж нарт нь зориулж эхийн тухай дуугаар ая барьсан юм. Мөн СТА Х.Эрдэнэцэцэг “Уяхан замбуу тивийн наран” дуугаа дуулах үест бахархам сайхан үндэсний хувцсаараа гоёсон оролцогчид үзэгчидтэйгээ мэндчиллээ.
Тус арга хэмжээний үеэр залуу дуучин н.Ганзориг ая дуугаа өргөсний дараа, гоо бүсгүйчүүд гоёлын даашинзтай тайзнаа гарч ирсэн юм. Үүний дараа “Royal beat crew” хамтлаг үзэгчдийг beat хэмнэлээр доргиов.
Түүнчлэн тэмцээний Мисс авьяас төрөлд хамгийн өндөр оноо авсан гурван бүсгүй өөрсдийн урлагийн тоглолтоо үзүүлсэн юм. “New circus” төвд жүжигчин багш мэргэжилтэй оролцогч Ц.Сорцэцэг цагирагаар наадаж, гайхалтай сонирхолтой үзүүлбэр үзүүлсэн бол, Б.Нямсүрэн яруу найрагч О.Дашбалбарын “Амьддаа бие биенээ хайрла” шүлгийг уншлаа. Мөн оролцогч Ч.Энхтуяа “Монгол бүсгүйн зохиомж”-оо толилуулан морин хуурын аянд дуулж бүжиглэсэн юм. Ингээд шүүгчдийн дүн гарахын өмнөхөн дуучин А Сооl мөн ая дуугаа өргөлөө.
Энэ удаагийн наадам өмнөх жилийнхтэй харьцуулахад гоо бүсгүйчүүдийн дунд асуулт хариултын тэмцээн явагдаагүйгээрээ онцлог болсон бөгөөд тэмцээн явагдаж байх хугацаанд тэд нийгмийн асуудлыг хөндсөн сэдвээр илтгэл тавьсан билээ.
Ингээд та бүхэнд тэмцээний ялагчдыг толилуулъя:
Тэргүүн мисс- Хувийн дугаар 19, Д.Долгион ХУИС-ийн оюутан, 21 настай
Дэд мисс / Мисс оюунлаг/– Хувийн дугаар 8, А.Уянга Солонгосын Сөүл “Доксонг” ИС-ийн оюутан, 23 настай
Мисс авьяас- Хувийн дугаар 18, Ч.Энхтуяа СУИС-ийн ТДУС-ийн оюутан, 22 настай
Мисс спорт- Хувийн дугаар 7, Б.Нарантуяа, “Global soft Line” ерөнхий менежер, 25 настай
Мисс модель- Хувийн дугаар 20,Т.Оюун-Эрдэнэ, ХААИС-ийн оюутан, 17 настай
Мисс бикини- Хувийн дугаар 12, Т.Ариунзаяа, ШУТИС-ийн оюутан, 18 настай
24tsag.mn