“Ээж минь миний хамгийн сайн найз. Би ээжээсээ юугаа ч нуудаггүй.” Ингэж хэлэх болгонд хүмүүс “Яаж тэгж бүхнээ дэлгэж чаддаг байна аа? Би лав чадахгүй юм билээ” гэж намайг гайхдаг юм. Хэдий хүн болгоны гэр бүлийн нөхцөл байдал, хүмүүжил өөр ч ээж болгон сайхан мэдээгээ хүүхэддээ хамгийн түрүүнд дуулгаж, зовлонгоо ярих гэхэд нь хэнээс ч илүү чих дэвсэж сонсдог. Хэдүүлээ болох талаас нь оролдоод үзэх үү? Тэд чинь хөндлөнгийн хүн биш бидний ээжүүд шүү дээ.
1. Түүнийг сонс
Эгчийн чинь найз залууг яагаад зөвшөөрөөгүй, аавд чинь яагаад уурласан тухай нь хангалттай сайн сонсч өг. Түүний буруу мэт санагдаж байсан ч юу ч хэлэлгүй жинхэнэ шалтгааныг нь анхааралтай сонс. Асуулт асууж, өөрийнхөө саналыг хэлж ярилц.
2. Түүнийг хүлээж ав
Ээжүүд маань хэдий хоцрогдсон зүйл ярьж түүнийгээ зөв хэмээн шахан тулгадаг ч, ажлынхаа залуугаар хүргүүлэхийг хараад л “Манай хүргэн үү?” гэж зогсоо зайгүй шалгаадаг ч, найзуудын чинь дэргэд хямдарсан бараанаас хэд хэдийг авсан тухай чангаар ярьдаг ч тэр чамайг бүх цаг үед ойлгох ганц хүн. Чиний хувьд түүний үйлдэл буруу санагдсан ч, тусдаа хувь хүн гэдгийг нь ойлгож ээжийгээ зүгээр л энэ байгаагаар нь хүлээж аваарай. Үг үйлдлийнх нь буруу зөвийг тунгаах гэж оролдолгүйгээр зүгээр л хайрла.
3. Хайраа мэдрүүл
Өөрөөр нь хэлүүлэлгүйгээр халамж хайраа мэдрүүлэх тийм ч хэцүү биш. Өөрийнхөө төрсөн өдрөөр ч ээжийгээ баярлуул. Ер нь баярлуулах боломж гарах бүрийг бүү алд. Хийсэн хоолыг нь магтаж, чамд зориулж авсан витаминыг нь талархалтайгаар ууж, уулзах болгондоо үнсэж байгаарай.
4. Итгэлийг нь хүндэл
Бидний хоорондоо зөрчилддөг том шалтгаан нь ээжийн бидэнд итгээгүйгээс эсвэл бид итгэлийг нь даагаагүй үг, үйлдэл гаргадгаас юм. Харилцан итгэлцэл дээр л эрүүл харилцаа тогтдог учраас өөртөө итгэж болно гэдгийг ойлгуулахаас гадна итгэлийг нь алдахгүй гэдгээ хэлэх хэрэгтэй.
5. Хамт байх цаг гарга
Бид найзууддаа цаг гаргаад л уулзалддаг шүү дээ. Яг л үүнтэй ижил ээжтэйгээ хоёулахнаа байх цаг гарга. Бүсгүйчүүд л болсон хойно хамт спад орж, дэлгүүр хэсч, үсээ засуулаад, сайхан хоол идэх гээд л хийх зүйл мундахгүй шүү дээ. Дэлгүүрээр зүгээр нэг хувцасны талаар ярин хэсэх биш хоёулахнаа байгаа цагаа ашиглан олон зүйлсийг ярьж, мэдрүүлдэг цаг байлгаарай.
6. Яриаг эхлүүл
Найзуудтайгаа ярьсан эсвэл тэр өдөр ойлгосон, харсан зүйлээ, таалагдаад байгаа залуу, шинээр олж нээсэн тухлаг рестораныхаа тухай ээжтэйгээ хуваалцаж бодлыг нь асуу. “Ээж ээ, би өнөөдөр болзоотой. Тэр бол тийм тийм давуу талтай залуу л даа. Та юу гэж бодож байна? Хаана уулзвал зүгээр бол?” гээд л найзуудтайгаа ярьдаг зүйлээ л ярь.
7. Түүгээр заалга
Насаар ахимаг хүмүүс өөрөөсөө залуу хүмүүст зааж зөвлөхдөө дуртай л байдаг. Ер нь чаддаг зүйлээ хэн нэгэнд зааж өгнө гэдэг чинь сайхан шүү дээ. Тийм учраас өөрөөрөө бахархах мэдрэмжийг нь төрүүлж дотносоорой.