Өчигдөр “Apple” компаниас iPhone-ийн цуврал “iPhone 5” загварыг танилцууллаа. Уг нь өнгөрөгч оны сүүлчээр танилцуулах ёстой байсан ч iPhone 4S загварыг танилцуулсан. Үүнээс хойш iPhone 5 загварын талаар домог мэт ярианууд гарж, хэрэглэгчдийн дунд хүлээлт үүсгэсэн.
Харин өчигдөр орой Сан Францискод Apple компани шинэ утсаа албан ёсоор танилцуулсан юм. “ iPhone 5”-ын сүлжээ 4G LTE, 4 инч торлог бүрхэвч, 1136х640 пиксель дэлгэцтэй, 112 гр жинтэй, iOS-6 үйлдлийн системтэй, 8 мегапиксель LED flash камертай (нүүрний камер нь НD 720 пиксель) юм. Багтаамжийн хувьд 16, 32, 64 GB аж. Компанийн удирдлагуудын тайлбарласнаар “iPhone 5” нь тасралтгүй найман цаг ярих боломжтой бөгөөд LTE сүлжээнд мөн ийм хугацаанд ажиллах боломжтой гэх зэргээр өмнөх загвараас ялгагдаж байгаа юм.Энэхүү утас нь өмнөх загвараа бодвол 0.5 инчээр том дэлгэцтэй юм. Мөн шинэ загварын жин нь багасаж, хэмжээ нь томорсон, хурд нэмэгдсэн зэргээр ялгарч байгаа юм.
Мөн өмнөх загвараас олон давуу тал байгаа биз. Техникийн үзүүлэлтийн хувьд “Samsung Galaxy S3”-тай өрсөлдхүйц хэмжээнд байж чадна. Гэхдээ тийм олон хувиар борлогдохгүй болов уу хэмээн үйлдвэрлэгчид нь өөрсдөө шинэ загварт сэтгэл дундуур байгаа аж. iPhone 5 загварыг өмнөх загваруудаас ялгах зүйлсийг ойлгомжтойгоор хэлэхэд царайлаг, хурдан, хөнгөн, өргөн, өндөр гэж тодорхойлж болох юм.
Л.Тамир
Оллоо.мн