- Энэ хаврын трэнд өнгө хар, цагаан
Францын нийслэл Парис хотноо энэ хаврын загварын чиг хандлагыг тодорхойлох Paris Fasion- 2020 өнгөрсөн долоо хоногт болсон. Тус наадамд дэлхийд алдартай хувцас загварын брэндүүд шинэ коллекцио танилцуулдаг уламжлалтай. Мөн олон улсын чадварлаг загвар зохион бүтээгч, шүүмжлэгчид бүтээлүүдэд үнэлгээ өгдөг юм. Тус наадмын үеэр дэлхийн нэр хүндтэй брэндүүдийг танилцуулсан, хавар, намрын өнгө төрхийг тодорхойлох шилмэл загваруудаас хүргэе.
Christian Dior
Энэ жилийн загварын наадамд Christian Dior Тюильри цэцэрлэгт хүрээлэнд шоугаа толилуулжээ. Тус брэндийн захирал Мария Грация Кьюри хувцас загварын коллекцио өөрийн өсвөр насны үеийн дурсамжаас сэдэвлэн бүтээжээ. Тэрбээр 70-аад оны сурагч охины стилийг орчин үеийн хэв маягт оруулан урласан байна. Түүний загварт шоотой материал зонхилсон бөгөөд хүрэм, банзал, хилэн зангиа, толгойн гоёмсог алчуур түлхүү ашигласан байна.
Celine
Celine брэндийн захирал Эди Слиман 70, 80-аад оны загварт хайртай нэгэн бололтой. Учир нь тэрбээр сүүлийн жилүүдэд цуглуулгадаа 70-аад оны өнгө төрхийг шингээгээд буй. Энэ жил ч мөн тус брэндийн хувцас загваруудад савхин хүрэм, брюкен загвартай жинсэн болон хилэн өмд зонхилжээ. Мөн эрэгтэй, эмэгтэй хувцсаа нэг ижил загвараар бүтээсэн тул тайзнаа алхах моделиуд ялгагдахгүй харагдаж буйгаараа онцлог.
Off-White
Off-white брэнд “Берси” хэмээх Парисын спорт ордонд загварын шоугаа зохион байгуулжээ. Цуглуулгад нь урьдын адил урт цув, сул пиджак, дэрвэгэр даашинз голлосон бөгөөд ажил хэрэгч хослол, цацагтай даашинз зэрэг хээнцэр загварууд ч мөн толилуулсан байна. Харин өнгөний хувьд ногоон, цагаан, хар, шаргал өнгө түлхүү ашиглажээ.
Valentino
Valentino брэндийн загвар зохион бүтээгчид хар, улаан өнгөнд ач холбогдол өгчээ. Мөн урт хормойтой даашинз, банзлыг зузаан ултай гуталтай хослуулсан нь уламжлалт хандлагыг эвдэж, шинэ хэв маяг бий болгож буй. Бие хагас халхалсан торон цамц, савхин хүрэм тус коллекцийн онцлох загвар юм.
Versace
Versace түүхэндээ анх удаа эрэгтэй, эмэгтэй загваруудыг нэгтгэж, хүйсийн ялгаварлал үгүй болж буйг тодотголоо. Үүгээрээ бүх хүн өөрийгөө хүссэнээрээ илэрхийлэх эрх чөлөөтэйг харуулахыг зорьжээ. Цуглуулгад хар, мөнгөлөг саарал, хүчиллэг ногоон өнгөнүүд давамгайлсан бөгөөд өдөн куртка, свитер, пиджак зэрэг өдөр тутмын, энгийн загварууд орсон юм. Гэхдээ мэдээж загвар бүр нь Versace брэндийг илтгэх анхаарал татсан, хурц тод хийцтэй болжээ.