Эрдэмтэд тайлагдашгүй найман өвчний жагсаалтыг гаргажээ. Жагсаалтад ХДХВ/ДОХ хэмээх эдгэршгүй өвчинтэй энгийн ханиад, ядаргаа зэрэгцэж орсон байна.
«РБК Daily» агентлагийн мэдээлснээр рейтингийн эхний байрыг мэдээж ДОХ буюу дархлалын олдмол хомсдол өвчин эзэлжээ. Энэ өвчнийг эмчлэх нууцыг эрдэмтэд одоо хүртэл тайлаагүй байна. Хоёрдугаар байрт Альцгеймерийн өвчин бичигджээ. Уг өвчин бүрэн төгс эмчлэгддэггүй бөгөөд шалтгаан, явцыг нь ч эрдэмтэд олж чадаагүй юм. Энэ өвчин туссан хүн ой санамжаа алдаж, хайнга болж, ярих, хэлснийг ойлгох чадвараа алддаг байна.
Хамгийн сонирхолтой нь гуравдугаарт энгийн ханиад орсон аж. Учир нь энэ өвчнийг үүсгэгч нян ямар ч антибиотикоос айдаггүй бөгөөд цорын ганц, найдвартай эмчилгээ нь цаг хугацаа, халуун шөл гэнэ. Харин дөрөвдүгээрт шувууны ханиад оржээ. Уг өвчинтэй тэмцэх аргыг орчин үеийн анагаах ухаан олоогүй л байна.
Шувууны ханиадны дараа Пикийн өвчин оржээ. Энэ өвчин яаж үүсдэг нь тодорхойгүй аж. Дараа нь сэтгэн бодох, хүлээн авах чадвар доройтох буюу шизофрени өвчин, долоодугаарт Крейтц-фельд-Якобын өвчин буюу үхрийн галзуу орсон байна.
Харин энэ жагсаалтын сүүлийг архаг ядаргаа мушгижээ. Энэ өвчнөөр их хотын иргэд, дарга удирдлагууд, өндөр хариуцлагатай алба хашдаг хүмүүс өвчилдөг гэнэ. Тиймээс эдгээр өвчнийг тусахгүй байхад анхаарахыг эрдэмтэд зөвлөсөн байна.
ӨГЛӨӨНИЙ СОНИН