Сайн унтах нь жин хасах хөтөлбөрийн чухал хэсэг бөгөөд хоолны дэг барих, биеийн ачааллыг нэмэгдүүлэх төлөвлөгөө гаргахад нойрыг харгалзан үзэх ёстой гэдгийг Канадын эрдэмтэд тогтоожээ. Муу унтах нь илүүдэл жинтэй болоход нэрмээс болдог лавтай мэдээллийг судлаачид олжээ. Нойр муу байх нь их хоол идэхийг өдөөж, түүнчлэн хоолны дуршлыг зохицуулдаг даавар ихсэхэд хүргэдэг байна. “Илүүдэл жингийн асуудлыг шийдэх нь зүгээр нэг “бага идэх биш, харин хөдөлгөөнтэй байж, ахиухан унтах явдал юм” гэж Зүүн Онтариогийн судалгааны хүрээлэнгийн дэргэдэх хүүхдийн эмнэлгийн доктор Жан-Филипп Шапу, Квебекийн Лавалийн их сургуулийн доктор Ангело Трембле нар үзэж байна.
Уламжлал ёсоор эмч нар хоолны дэг барьж, биеийн хөдөлгөөн сайн хийж байхад анхаарал төвлөрүүлдэг ч сайн унтах нь амьдралын шинэ хэв маягийн нэг хэсэг болох ёстой гэдэгт тэд итгэлтэй байна. Нойрны үргэлжлэх хугацаа, чанар нь жин бууруулах хөтөлбөрт оролцож байгаа хүмүүсийн өөхийг шатаахад нөлөөлдгийг судлаачид тогтоожээ.
Эрдэмтэд Канадын илүүдэл жинтэй настай хүмүүсийн дунд явуулсан сүүлчийн судалгааныхаа энэ дүнг дурдсан байна. Судалгаанд хамрагдагсдыг хоёр долоо хоногийн туршид өдөр бүр 5,5 цаг юм уу 8,5 цаг гэсэн нойрны үргэлжлэх хугацааны зарчмаар хоёр бүлэгт хуваажээ. Үүний зэрэгцээ бүх оролцогчийн хоногийн хоолны хэмжээг 680 килокалориар хязгаарласан байна. Хоногт 8,5 цаг унтсан хүмүүсийг бодвол, 5,5 цаг унтсан хүмүүс 55 хувиар бага өөхний эд болон 60 хувиар их биеийн өөхгүй массыг хаяжээ. Тэдэнд бодисын солилцооны дааврын түвшинд ч нааштай өөрчлөлт бага гарсан байна.
Хэсэг бүрт эмчилгээний туршид барагцаалбал гурван килограмм жин хаясан хэдий ч хоногт 5,5 цаг л унтаж байсан хүмүүсийг бодвол (537 килокалори), шөнө 8,5 цаг унтсан хүмүүсийн дунд энергийн хэрэглээний нийт алдагдал хоёр дахин их (1039 килокалори ) байжээ. Энэ нь нойр дутуу байх нь энергийн үүднээс чухал ашигтай өөхийг нөөцлөхөд бие махбодийг хүргэдэг гэсэн үг юм. Үүнээс гадна дутуу нойртой байсан хүмүүс грелин гэдэг дааврын хэмжээ их байдгаас болоод өлсөж байжээ. Энэ даавар нь өөх шатаах үйл явцыг саатуулах бөгөөд өлсөх мэдрэмж нь хоолны дэгийг алдагдуулахад нэрмээс болох юм. Тэгээд ч турах олон арга амжилтгүй болдог нь үүгээр тайлбарлагдаж байна.
Тийнхүү судалгаа хийснээр Канадын таргалалт, илүүдэл жинтэй тэмцэх сүлжээ ийм өвчтөнүүдтэй ажилладаг эмч нарт зориулсан шинэ санамжиндаа зохистой унтах хугацааг оруулж өгчээ.
С.Золбоо /Shuud.mn/