Яагаад эмэгтэйчүүд эрчүүдээс илүү өндөр насладаг вэ? Байгалийн энэ шударга бус байдлыг засах арга байдаг болов уу гэсэн асуултыг хааяа ч гэсэн өөртөө тавьж үзээгүй эр хүн ховор байх. Гэтэл энэ асуултын нууцыг Өмнөд Солонгосын эрдэмтэд олсон гэнэ шүү.
Солонгос эрдэмтэд нууцыг нээгээд зогсохгүй эр хүн илүү урт наслах аргыг ч олжээ. Гэхдээ эрчүүд ийм өндөр үнээр илүү урт наслахыг хүсэх болов уу гэдэг нь л сонин байна. Урт наслахыг хүссэн эрчүүд засуулах л болж дээ хэмээн The Telegraph бичжээ.
Инчхоны судлаачдын олж нээснээр төмсөгөө авахуулсан буюу засуулсан эр хүн 20 жилээр урт насладаг гэнэ. Эрдэмтэд Солонгосын хааны ордны генеалогийн /уг гарлын/ бичигт нарийн задлан шинжилгээ хийснээр ийм дүгнэлтэд хүрчээ.
500 гаруй жилийн угийн бичгийг хадгалсан архивийн бичигт хааны хатад, эмсийн хүрээлэнд үйлчилдэг байсан тайганчууд бусад ердийн эрчүүдээс дунджаар 14-19 жил урт насалдаг байсан нь тэмдэглэгдэн үлдсэн байжээ. Түүнчлэн тайган болсон эрчүүд ихэнхдээ 100 гаруй нас зооглодог байсан нь тогтоогдоод байгаа гэнэ.
Ер нь хүмүүс ийм урт наслах нь тухайн үед маш ховор үзэгдэл байсан юм.
Тэр үеийн Солонгосын тайганууд орчин үеийн өндөр хөгжилтэй орны иргэдээс 100 гарч наслах боломж 150 дахин илүү байсан аж. Харьцуулахад хааны гэр бүлийн эрчүүд дунджаар 45-аас илүү насалдаггүй байж. Солонгосын мэргэжилтнүүдийн тайлбарласнаар төмсөгөө авахуулсан эрчүүд нас богиносгодог тестостерон ялгаруулахаа байснаар илүү урт насалдаг байсан гэнэ.
Энэ нь яагаад эмэгтэйчүүд эрчүүдээс илүү урт насалдагийг ойлгомжтой болгож байгаа хэрэг гэжээ. Гэвч эрчүүд 20 жил илүү наслахын тулд гол бахархалаасаа салахыг хүсэхгүй л болов уу.
С.Майкл