2012 оны арванхоёрдугаар сарын 21-нд юу болох вэ хэмээн дэлхий нийтээрээ шуугицгааж байна.
Энэ дуулианы гол эзэн нь майячууд юм. Учир нь 2006 оны тавдугаар сард “2012 он-Кетцалькоатель буцаж ирнэ” ном хэвлэгдэж, алдарт жүжигчин Мел Гибсон эртний майячуудын соёл иргэншилтэй холбоотой “Апокалипсис” кино бүтээсэн нь дэлхий нийтийн анхаарлыг майячуудын зөгнөлд хандуулж чадсан юм. Майячуудын сүмийн хананд үлдээсэн цаг тооны бичээсийг судалсан эрдэмтэд 13 бактуны тоолол МЭӨ 3113 оны наймдугаар сарын 13-нд эхэлснийг тогтоожээ. Нэг бактун нь 114 мянган өдөртэй тэнцэх хугацаа бөгөөд 13 бактун гэдэг нь 5125 жилтэй дүйцнэ.
Энэ нь одон орны 26 мянган жилийн давтамжтай явагддаг үзэгдлийн тавны нэг юм. Тэгэхээр 13 бактуныг МЭӨ 3113 оны наймдугаар сарын 13-нд эхэлсэн гэж үзвэл 2012 оны арванхоёрдугаар сарын 21-нд дуусах аж. Майягийн цаг тооны бичгээр бол энэ өдөр 13.0.0.0.0 хэмээн бичигдэнэ. Ийн цаг тоолол тэглэх тохиолдол бүрт онцгой үйл явдал болдог учраас майячууд энэ өдрийг онцгойлон тэмдэглэжээ. Майячуудын тооцоогоор бол 2012 оны арванхоёрдугаар сарын 21-нд “Дөрөвдүгээр нарны эрин” өндөрлөж, “Тавдугаар нарны эрин” буюу “Цагаан ирвэс”-ийн эрин эхэлнэ. Улаан, цагаан, хар, шар ирвэс гэж байдаг. Тэд бүх соёл иргэншлийн эцэг хэмээн майячууд тодорхойлжээ.
Харин эрт дээр үед цагаан ирвэс зулзагагүй байсан ч янз бүрий өнгөтэй зулзагууд дэлхийн төгсгөлд төрж, газар дэлхийн өнцөг булан бүрт амьдарна гэж индианы домогт өгүүлдэг. Энэ домгоор бол хүмүүсийг эхлээд шавраар бүтээсэн ч усанд норж, бодож сэтгэж чаддаггүй байсан учир хулсаар бүтээжээ. Тэд өсч үржин өнөр өтгөн болоод өөрсдийгөө бүтээсэн ачтанаа мартсан учраас галав юүлж газар дэлхийг цэвэрлэдэг. Ойд амьдардаг сармагчингууд энэхүү хоёрдугаар үеийн хүмүүсийн үлдэгдэл гэнэ. Гурав дахь удаагаа хүмүүсийг эрдэншишээр бүтээж тэнгэрийн цус судсаар нь гүйлгэсэн байна. Тэрхүү эрдэнэшишээр бүтээгдсэн хүмүүс нь өнөөдрийн хүн төрөлхтөн гэж майячуудын зөгнөлд бичжээ. Тэдний тооцоолсон цаг хугацааны хувьд ус, ирвэс, салхины эрин өнгөрч газрын эрин өндөрлөх гэж буй. Эрин солигдох мөч бүрт ихээхэн сүйрэл болж, газар хөдөлж, хүмүүс үхэж, таагүй зүйл болдог гэж майячууд тэмдэглэн үлдээсэн байна.
ШИНЭ ЭРИНИЙ ЭХЛЭЛ БА ШИНЭ АМЬДРАЛ
Майячууд 2012 оны арванхоёрдугаар сарын 21- нд нэг эрин төгсөнө гэснээс бус ертөнцийн төгсгөл ирнэ гэж зөгнөөгүй. Одон орны өргөн дэлгэр мэдлэгтэй байсан энэ ард түмэн шинэ эриний эхлэлийг “Сүүн зам” буюу тэнгэрийн заадастай холбон тайлбарлажээ. “Сүүн зам” галактикийн диаметрт 400 гаруй тэрбум од бөөгнөрсөн байдаг. Энэ бөөгнөрөл энгийн нүдэнд харанхуй тэнгэрийн дундуур зүссэн зураас мэт үзэгддэгээс сүүн зам гэгдэх болжээ. Гэтэл энэ их бөөгнөрөл дунд, галактикийн яг төвд нь том хэмжээтэй хар нүх байдгийг эрдэмтэд орчин үеийн дуран авай ашиглан нээж алмайран гайхсан юм.
Учир нь тэдний харсан зүйл эртний майячуудын домогт өгүүлдэгтэй тун адилхан байсан гэнэ. Үлгэр үнэн болж, шинжлэх ухаан домог хоёр яв цав нийцэв. Эртний майячууд тэнгэрийн заадсыг бүх амьдралыг түгээгч сансрын аугаа ээж гэдэг утгаар ойлгодог. Төв хэсгийн гүдгэрийг “Сансрын умдаг” гэж үзнэ. Түүний төв хэсэгт хар хонгил мэт үзэгдэгч хэсгийг майячууд янз бүрээр нэрлэдэг ч хамгийн түгээмэл нь “Төрөхөөр дүлэх хөдөлгөөн” юм. Дөрөвдүгээр эриний төгсгөл буюу 2012 оны арванхоёрдугаар сарын 21-нд нарны зам тэнгэрийн заадастай огтлолцоно. Өөрөөр хэлбэл, тухайн оны хамгийн богино өдөр нар “Сансрын аугаа ээж”-ийн умайнаас шинээр “мэндэлнэ” гэсэн үг. Энэ үзэгдэл 20 мянган жилд нэг удаа давтагддаг гэнэ.
Ер нь нарны систем галактикийн төв рүү 1980-аад оны эцсээр орсон бөгөөд 2020 оны орчимд энэ төвөөс гарна. Энэ нь, шинэ эрин хараахан эхлээгүй, хуучин нь дуусаагүй завсрын үедээ явааг илтгэнэ. Ингэж эрин солигдох үед өвчин зовлон, нийгмийн эргэлт, хувьсгал, байгалийн гамшиг эрс ихэсдэг зүй тогтолтой юм байна. Үүнийг тайлбарлахад амархан. 1980-аад оны сүүл үеэс эхлэн дэлхий ертөнцийн өнцөг булан бүрт янз бүрийн үзэгдэл болсоор байгаагийн гэрч нь та бид өөрсдөө билээ. Энэ бүх гаж үзэгдэл 2020 он гэхэд төгсгөл болж цэнхэр гаригт сая нэг амар амгалан ноёлно гэж майячууд зөгнөжээ. VIII Богд Жавзундамба хутагтын өгүүлсэн 24 цөвүүн цагийн төгсгөл нь майячуудын он тоололтой яв цав давхцаж байгаа нь олон монгол эрдэмтний гайхшралыг төрүүлж буй.
Эх сурвалж: unen.mn