Узбекистанд хурим дээрээ гэргийгээ цохисон залуугийн бичлэг дэлхий даяар шуугиан тарьж байна. Энэ бичлэг цахим сүлжээнд гарсны дараа АНУ, Герман, Өмнөд Солонгосын телевизээр цацагдаж, Узбекистаныг эмэгтэйчүүдийн эрхийг зөрчдөг, Дундад зууны орон хэмээн шүүмжилж эхэлсэн юм.
Германы Bild “Зарим хүний хувьд хуримын өдөр аз жаргалын эхлэл байдаг. Харин зарим орны эмэгтэйчүүдийн хувьд тамын хаалгаар алхан орсон өдөр болдог” гэж бичсэн байна.
Тэрхүү өдөр юу болсныг товч дурдахад сүйт залуу, бүсгүй хоёр тайзны өмнө зүчдын өмнө зогсоно. Хөтлөгч тэднийг чихэр хэн нь хурдан задлах вэ гэсэн хөгжөөнт тоглоом оролцуулжээ. Хөөрхий бүсгүй түрүүлж задлаад гараа өргөн баярлаж байтал залуу уурлаж, маш хүчтэй цохиод авлаа. Гэрийн эзэн гэдгээ, цаашдаа ингэж болохгүй гэдгийг хуримын өдөр нь үзүүлж байгаа нь энэ байлаа.
Сүйт бүсгүй толгой гудайлган уйлахад нөхөр нь ихэд додигор зогсож, хажууд нь байх жолооч нь бүр баярлан инээж байгаа нь бичлэгт харагдаж байгаа юм.
БНСУ-ын телевизийн мэдээнд “Зочдын хэн нь ч залууг зогсоосонгүй, бүсгүйг өмөөрсөнгүй. Бүсгүйн хамаатнууд ч юу ч хийсэнгүй. Цагдаад мэдэгдэх хүн байсангүй. Узбекистанд эмэгтэйчүүд гэр бүлийн хүчирхийлэлд өртөх нь талх худалдан авахтай жирийн зүйл гэдгийг энэ явдал харууллаа” гэж тайлбарлаж байв.
Харин гадаадын хэвлэлээр шүүмж олон гарсны дараа Узбекистаны Ерөнхий Прокурорын газраас “Энэ хурим зургаадугаар сарын 6-нд болсон. Гадаад дотоодын хэвлэлийн мэдээллийн дараа бид нөхөр Х.Р-ийг саатуулж, жижиг танхайн хэргээр шийтгэсэн. Тэд салаагүй хамтдаа амьдарч байгаа. Мөн хосын эцэг эхийг дуудан, анхааруулга өгсөн” гэж албан ёсоор мэдээллээ.