Та чинээлэг хүмүүсийн талаар ямар ойлголттой явдаг вэ? Магадгүй тэднийг бодох санах юмгүй, өө сэвгүй цэвэр цэмцгэр амьдралтай гэж боддог байх. Гэвч үнэндээ хүн л бол хүн. Хөрөнгө чинээ, үзэл бодлоороо ялгаатай ч бидэнд тулгардаг асуудал яг ижилхэн гэдгийг дараах 6 цуурхлаас харж болно.
Мөнгө ер нь өөрөө тогтворгүй, тасралтгүй хөдөлгөөнд оршихоор бүтээгдсэн зүйл гэдгийг бид мэднэ. Мөнгө нэгээс нөгөөд үргэлж шилжиж, хувирч байдаг. Хүсвэл түүнийг үрээд дуусгачихад ядаад байх юмгүй. Яг үүний адилаар зөвхөн мөнгө, эд хөрөнгө дагасан сэтгэл ч бас мөнгөтэйгөө адилхан амархан хувирч, өөрчлөгддөг. Харин хэзээ ч өмчилж, нэгээс нөгөө хүнд шилжүүлж, дураараа “үрэн таран хийж” болохгүй зүйл бол чин үнэн сэтгэл, мэдрэмж юм.
1. Баячууд аз жаргалыг худалдаж авч чадна
Ер нь мөнгөөр аз жаргалыг худалдаж авч болдог болов уу? Тансаг орд харш, чамин эдлэл хэрэглэл энэ бүхэн хүний төрөлх мөн чанар мөн үү? Мөнгөөр түрхэн зуурын аз жаргалыг худалдаж авч болох ч үүрд мэдрэх жаргалыг “мөнгө” нэртэй цаасаар авч чадахгүй. Чинээлэг хүмүүс хэдий их мөнгөтэй ч гэсэн тэд жинхэнэ аз жаргалыг ямар ч үнээр худалдаж авч чаддаггүй. Бид бүгд л ижилхэн нэг зүрхтэй, гуньж баярладаг сэтгэлтэй. Аз жаргал гэх тэр сэтгэлийн цэнгэлийг хичнээн чинээлэг байгаад ч худалдаж авч болохгүй. Хүмүүс мөнгөтэй болоод, тэр мөнгөөрөө шүүгээ дүүрэн хувцас, гоё машин авчихвал “Болоод л явчихна даа” гэж боддог. Гэтэл эд хөрөнгөнөөс хүн ямар амархан уйддаг билээ?
2. Баячууд л сайхан бүхнийг хэрэглэдэг
Яг үнэндээ баян чинээлэг хүмүүст үнэтэй зүйлийг хэт их мөрөөдөж худалдаж авах хүсэл эрмэлзэл тийм ч их байдаггүй. Тэд 6 жил унасан машинаа өнөөдөр ч гэсэн унаж чадна. 4 жил барьсан iPhone-оо солихгүй байж чадна. Урьд нь хэрэглэдэг байсан, дасал болсон бүхнээ тэр бүрчлэн шинэчлээд байдаггүй. Харин мөнгөгүй хэрнээ баян амьдралыг мөрөөдөгчид үнэтэй гар утас, үнэтэй хэрэглээг бишрэн шүтэж ямар ч аргаар хамаагүй тэдгээрийг эдэлж хэрэглэхийг хүсдэг. Дээрээ тоотой цаасыг хэрэглээ биш, “бүхнийг чадагч шидтэн” мэтээр хардаг хүн мөнгөнд захирагддаг.
3. Баячууд ямар ч өргүй
Бүсгүй чамд хүмүүст баян харагддаг хүмүүсийн нууцаас дэлгэе. Тэдний ихэнх нь өр тавьж, зээлэнд хамрагдаж өнөөгийн харагдах байдлаа бий болгосон гэвэл чи итгэх үү? Бидний нүдэнд баян харагддаг хүмүүс ихэнхдээ лизингдэж, байдгаа барьцаалан байж үнэтэй байшин, машин худалдаж авсан байдаг. Тэд бол зөвхөн баян харагдсанаараа бусдаас дээгүүр түвшинд очно гэж бат итгэдэг хүмүүс юм. Олон жилийн хөдөлмөрөөрөө баяжсан хүмүүс харин ч бусдаас их энгийн амьдрахыг илүүд үздэг.
4. Баячуудын амьдралд ямар ч асуудал гардаггүй
Хүн бүрт их бага хэмжээгээр өдөр бүр асуудал тулгардаг. Баян болсны дараа зарим асуудал шийдэгддэг ч, түүнээс хүнд хэцүү, ухаан шаардсан асуудлууд нэмэгдэж гарч ирдэг. Мэдээж саад бэрхшээлийг даван туулж, тэвчээрийн үнэ цэнийг ойлгон байж эд хөрөнгийг хуримтлуулж түүнийхээ үр шимийг хүртэж байгаа ухаалаг хүмүүст дараа нь тулгарах асуудал ч тийм ч хүнд хэцүү биш санагдах болно. Ямар азаар биднийг бэлтгэлгүй байхад бөөн мөнгө ороод ирчихсэнгүй вэ?
5.Баячуудад л зугаатай амьдрах боломж нээлттэй
Баян л болчихвол дэлхийгээр хэрэн хэсэж, хэдэн ч өдөр хамаагүй дэлгүүр хэсэж, тансаг ордондоо өдөр бүр үдэшлэг зохиомоор байгаа биз? Бидний хүсдэг эдгээр зүйлсийг өдөр бүр хийдэг хүмүүст ч энэ бүхэн сайхан санагддаггүй. Ялангуяа өөрийн хүч хөдөлмөрөөр хөрөнгөжөөгүй хүмүүст амьдралаас авах таашаал хомсхон байдаг. Тэдэнд хорвоогийн хамгийн сайхан зүйл ч гэсэн энгийн л зүйл шиг санагдаж, үл тоомсорлодог. Гунигтай юм шүү. Ямар азаар бид гараа сунгасан болгоноо авч чаддаггүй юм бэ? Үүний ачаар л бидэнд үзэж харах, тэмүүлэх, төсөөлөх зүйл тоо томшгүй олон үлдсэн байна.
Баяжихыг буруу гэж ойлгуулах гэсэн юм биш шүү. Харин баян л болчихвол чамд байгаа бүх асуудал шийдэгдэнэ гэж эндүүрдэг бүсгүйчүүдлийн бодлыг залруулах гэсэн юм. Хэрвээ чи өнөөдөр мөнгөгүйгээр сэтгэл хангалуун байж чадахгүй бол, мөнгөтэй болсон ч ямар нэг зүйл үргэлж дутуу юм шиг санагдах болно. Сэтгэлдээ үргэлж баян байдаг хүнийг баялаг өөрөө дагаад л хүрээд ирдэг. Бидний хүсдэг, дурладаг зүйлс агаар нэгэн бөгөөд бидний амьдралын үнэ цэнэ ч эцэстээ нэг болж хувирдаг. Тиймээс баян чинээлэг хүмүүст атаархаж, ундууцаж суух бус өөр өөрийнхөө хүчирхэг зэвсэг болох авъяас чадвараа хөгжүүлж зуурдын өнгөнд бус үүрдийн жаргалд умбаарай.
Гоолингоо