НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн хамгийн нэр алдартай солонгос хүн гэдэг цолоо “Gangnam Style” дуугаараа алдаршсан рэппер PSY-д алдсан гэдгээ хүлээн зөвшөөрөв.
Энэ тухай тэрбээр дуучин залуутай НҮБ-ын төв байранд уулзах үеэрээ мэдэгдсэн байна. “Би бага зэрэг атаархаж сууна. Хэдхэн хоногийн өмнө хүмүүс надад “Та дэлхийн хамгийн алдартай солонгос хүн” гэж хэлж байлаа. Тэгвэл одоо би бут цохигджээ” хэмээн Бан Ги Мүн хэлээд тухайн үед төв байранд дэлхийн хамгийн нэртэй хоёр солонгос байсан гэдгийг онцолжээ.
“Бид хааяа хүндхэн асуудалд ордог. Яриа хэлэлцээр урагшлахгүй байх тохиолдол олон гарна. Тэгвэл тийм тохиолдолд би таны дууг сонсгож байдлыг намжаах болно” гэж Ерөнхий нарийн бичгийн дарга хошигнов. Тэрбээр рэппер эрийн хийдэг зарим нэг хөдөлгөөнүүдийг дууриахыг оролджээ.
wikimon.mn