Тив тивийн хүмүүсийн гадна талын нүдэнд шууд туссан хамгийн тод ялгаа бол юуны өмнө арьсны өнгө юм. Яахлаараа бидний арьс өөр өөр өнгөтэй байдаг билээ? Анхнаасаа л ийм өөр өөр арьстай байсан уу, эсвээс энэ нь хожуу буй болсон ялгаа юу? Хүмүүс бид хар арьстай бич, шар арьстай бич, цагаан арьстай бичээс анх үүссэн баймааргүй. Хар ба цагаан бол бүр эрс тэс ялгаатай өнгөнүүд. Харин шар бол тэр хоёрын дундах гэхээр өнгө. Нэг гайхалтай нь ердөө л гуравхан өнгө шүү! Зарим зүйлийн амьтан 10 шахам өнгөтэй байдаг даа…
Байгаль-цаг уурын хүйтэн, сэрүүн, халуун бүс нутгуудийн нөлөө гэж хэн ч хэлэхээр шахуу гурван өнгө. Ан амьтдын ивээл өнгөтэй зүйрлүүлж үзэж ч бас болох талтай. Гэвч энэ бол өнгөцхөн бодол юм. Яг л нэг зүйдд хамаарагдах мөртлөө бараг арав шахам өөр өнгөтэй амьтад бий. Гэхдээ тэдний хувьд энэ нь арьсны өнгө биш үс ноос, өд сөдний өнгө юм. Жилийн улирлуудад тохируулан өнгөө өөрчилдөг амьтад бас бий. Хүний арьсны өнгө бол эд бүхнээс нэлээд өөр үзэгдэл болно.
Арьсны өөр өөр өнгөний угийн шалтгаан нь хүний генд буй нь тодорхой. Генд орсон өөрчлөлт нь олон зуун мянган жилийн туршид буй болсон байх учиртай. Түүний цаашдын өөрчлөлт нь ч их удаан хугацаанд явагдах болов уу. Генд орох мутаци нь олон зуу, олон мянган үе дамжиж байж нэг өнгөнөөс нөгөөд шилжссэн нь үнэн бизээ. Чухам ийм замаар л шар арьстнаас хар арьстан ба цагаан арьстан буй болсон байх…
Хэрэв хомосапиенс анхандаа шар арьстай байсан гэвэл түүний ген нь, гений бүрэлдэхүүн, бүтэц нь (арьсны өнгийг тодорхойлогч) үндсэн геном болно. Харин хар, цагаан арьстны ген нь үүсмэл, мутацид орсон ген юм. Бусад хөхтөн амьтны хувьд, жишээ нь баавгай: цас мөсний орчин дахь баавгай цагаан, бие томтой; сэрүүн нутаг орчных нь хүрэн, дундаж хэмжээтэй; халуун бүс нутгийнх нь харавтар, бие жижиг байх ажээ. Янгир (ямаа) гэхэд л өндөр уулын хүйтэн, тагийн бүсийнх нь бие томтой, цайвардуу зүстэй, гэтэл нам доор газрын гэрийн ямаа бие жижиг, олон янзын бараан голдуу зүстэй байх жишээтэй. Энэ бүхнээс үзэхэд арьсны өнгө уг амьтны амьдарч буй байгаль-цаг уурын нөхцөлтэй холбоотой байна. Анх шар арьстай байсан хүмүүс халуун оронд шилжин очоод олон арван мянган жил болохоороо арьс нь хар өнгөтэй, бие жижгэвтэр, намхан болдог; харин цас мөсний орчинд бол бие нь өндөр, арьс нь цагаан болдог байх нь.
Хар ба цагаан арьстны дундаас, хар ба шар арьстны дундаас төрсөн хүүхдүүд бараандуу, халтар арьстай байдаг. Тэд цааш цаашдаа (5, 10, 20 түүнээс цааших үеийнх нь) яах бол, арьсны өнгө нь яаж хувирах бол оо?
Хар, шар арьстны хүүхдүүд цаашдаа хар арьстантай гэрлээд байвал үеэс үед арьсны өнгө нь харлах, харин цагаан арьстантай гэрлээд байвал арьсны өнгө нь үеэс үед цайх магадлалтай. Шар ба хар арьсны удам судар ч мөн л иймэрхүү өөрчлөлтөд орох бололтой. Хар, цагаан арьстны эрлийз хүмүүс цас, мөсний оронд олон үе дамжин олон зуун жил амьдрах аваас арьсны өнгө нь цайрах процесс нэлээд түргэсэж болох юм. Хар, цагаан арьстны эрлийзүүд Африкт олон зуун жил амьдрах аваас байгаль-орчны нөлөөгөөр арай түргэн харлах бизээ.
Арьсны өнгө өөр өөр байх, биеийн өндөр нь өөр өөр байх, царай зүс нь өөр өөр байх нь “оюун ухаант хүн” гэх тэр мөн чанарт ер нөлөөгүй болох нь хүн төрөлхтний өнгөрсөн түүхээр нотлогджээ. Товчхон хэлэх аваас хар арьстай эрдэмтэн мэргэд ч зөндөө, цагаан арьстай эрдэмтэд ч зөндөө, мөн шар арьстай суутнууд нь зөндөө байжээ. Оюун ухааны нь хувьд хүмүүсийг арьсны өнгөөр ялгаварлах үндэс үгүй юм.
Негрүүд цагаан ба шар арьстай хүмүүстэй цус холилдох болсноор халтар, бараандуу арьстай хүмүүс “бидний нүдэн дээр” буй боллоо. Тэд Африкт ч, Азид ч, Америкт ч, бас Европод ч адилхан л халтардуу, бараандуу нэг л янз байх ажээ. Ингэхлээр газарзүй, цаг агаар, уур амьсгалын орчин, нөхцөл хүмүүсийн арьсыг шууд, богино хугацаанд хар, цагаан, шар болгочихдоггүй бололтой. Аажим удаандаа ч гэсэн Африкт амьдарч байгаа цагаан арьстан хүн заавал харлачихдаг ч бас биш юм. Ийм тохиолдол одоогоор ажиглагдаагүй байна. Бас Азид шилжин суурьшсан негрүүд хэдэн үе дамжин хар хэвээрээ л байцгаах ажээ. Харин Африкт амьдрах болсон шар арьстан, мөн Европод амьдрах болсон шар арьстан аажим алсдаа Африктаа бол харлаж, Европдоо бол цайж мэдэх юм шүү. Энэ талаар ажиглагдсан бодит баримт одоогоор алга байгаа хэдий ч энэ нь тун ч байж болохоор санагдах ажээ. Учир нь цагааныг хар болгох, эсвээс харыг цагаан болгох маш хэцүү. Харин энэ хоёрын завсрын өнгө болох шарыг бараантуулах ба цайруулах нь хялбар болно. Аливаа өөрчлөлт нь ихэнхдээ дундаж, завсрын, эх байдлаасаа хоёр тийшээ (ихсэж, багасаж, эсвээс харлаж, цайрч г.м) явагдаж байдаг нь түгээмэл шинж билээ. Ингэхлээр хүмүүсийн арьсны өнгийн өөрчлөлтийн эхэлсэн цэг нь (өнгө нь), уг сурвалж нь шар өнгө байх магадлал их юм… Өөрөөр хэлбэл хомосапиенс шар арьстай байжээ гэсэн үг. Ингэхлээр монголчууд бид бол анх үүсэж гарсан тэр нутаг орондоо байгаа, дошин дээрээ үлдэж хоцорсон, довон дээрээ сууж буй хомосапиенсууд бололтой.
Манай дэлхий дээр амьдарч буй хүмүүсийн арьсны өнгийн тоон харьцаа ч бас нэгийг өгүүлж, үзүүлж байна. Лав л сүүлийн 10-аад мянган жилд шар арьстай хүмүүс байнгад л дэлхийн хүн амын олонхи байсан бололтой. XXI зууны эхэн гэхэд л Хятадын хүн ам дээр бусад шар арьстанг нэмэхэд л хар, цагаан, улаан, халтардуу арьстнаас тэд тооны хувьд их байна.
Хомосапиенсын арьс Африкад харалдаг, Европод цайрдаг, Америкт улаардаг байхын цаад шалтгаан юу юм бол оо? Америк тивийн уугуул хүн ам анх Азиас нүүдэллэн очсон болох тул тэнд шар өнгө улаарчээ. Өнгө нь өтгөрчээ гэсэн үг. Цаашид хэдэн арван мянган жил үргэлжлэн өтгөрөх аваас харлах, хар болох магадлал их байна. Ингэхлээр Африкад хомосапиенсын гадаад төрхийн өөрчлөлт удааширч, арьсны өнгө нь улаан өнгөөр дамжин хар болсон байж болох ажээ. Гадаад орчин, нөхцөл нь бараг нэгэн янзаар олон зуун мянган жил хадгалагдан байсан бол амьтдын нь гадаад төрх ч мөн удаан хувьсах нигууртай. Төв Америкийн уур амьсгал үндсэндээ Африкийнхтай төсөөтэй болох тул тэнд шар арьстан азийнхан улаарч эхэлсэн ба алсдаа африкийнхантай адилхан хар өнгөтэй болох байжээ.
Хомосапиенсын арьсны өнгө шараас цагаан болохын хоорондох завсрын өнгө гэж бий юу? Энд цайвар шар байж болох талтай. Арьсны өнгө нь иймэрхүү хүмүүс байсан ба байгаа билээ.
“Дэлхийн тивүүдийн эх бие нь, өвөг дээдэс нь Ази тив бололтой” гэх санааг олон олон судлаач гаргаж хэлсэн байдаг. Дэлхий (хуурай газар, эх газар) тивүүдэд хуваагдах үед ургамал ба амьтан ч бас хуваагдсан байх ёстой. Хоорондоо холбоогүй болж тасран хөндийрснөөс өөр өөр орчин, нөхцөлд орж, үүний улмаас нэгэн зүйлийн ургамалд ч, нэгэн зүйлийн амьтанд ч ялгаа, өөр шинж, төрх буй болсон нь гарцаагүй билээ. Хэрвээ хөхтөн амьтад ихэнх төлөв одоогийн Ази тивийн нутагт анх үүсээд өсөж тархсан байх аваас тивүүд тасран салахаас өмнөх үеийн амьтдын өвөг дээдсийн чулуужсан яс зөвхөн л өнөөгийн Ази тивийн хаа нэгтэйгээс олдох учиртай болно. Энэ санааг нотлох зарим баримт одоо ч буй юм. Жишээ нь одоогийн адууны дээд өвөг болох таван царвуут амьтны яс зөвхөн л Азиас олдоод байгаа ажээ.
Дээр яригдсанаас улбаалан бодох ахул алсдаа хүний удам болсон бичүүд ч гэсэн одоо Ази тив хэмээн нэрлэгдэж байгаа энэ газар нутаг дээр анх үүсэж, урт удаанаар амьдарч байгаад одоогоос олон сая жилийн өмнө Африк руу, Европ руу, бүүр хожуу хомосапиенс болчихсон хойноо Америк руу, Австрали руу шилжин байршсан байж ч болох юм. Аль эсвээс хомосапиенс анх Азид буй болоод аажмаар бусад тив рүү тархан нүүцгээж, хожим нь хар, цагаан, улаан арьстан хүмүүс болцгоосон байж болох байна. Ази тив орчмоос мич байх үедээ ч тархсан, бичин хүн байх үедээ ч тархсан, мөн хомосапиенс болсон цагтаа ч тархан нүүцгээсэн байж болох хувилбар ч бас байгаа болно.
Хүний өвөг дээдэс болох мич, бичүүд зэвсэг огт хэрэглэдэггүй байх цагтаа ч их тархсан, нэн бүдүүлэг зэвсэгтэн байхдаа ч их тархсан, боловсронгуй чулуун зэвсэгтэн байхдаа ч их тархсан байхад гайхах зүйл ер үгүй билээ. Одоогоос 30 шахам мянган жилийн өмнө эхэлсэн сүүлчийн их мөстлөгийн үед хүмүүс цас, мөс, хүйтэнд хөөгдөн, туугдан умраас зүүн урагшаа, урагшаа, баруун урагшаа аажмаар шилжин байршсаар байжээ. Ийм байдал 6 орчим мянган жил үргэлжилж хуурай газрын хагас шахмыг нь цас, мөсөн бүрхүүлтэй болгожээ. Энэхүү хүйтрэл, мөстлөгийн үеэр, мөн одоогоос 10 гаруй мянган жилийн өмнө эхэлсэн дулаарлын эхээр хүмүүс Төв Ази орчмоос зүүн өмнөд Европ, баруун өмнөд ба өмнөд Ази, мөн зүүн өмнөд Ази руу, бас Америк руу, хойд Америкаас төв Америк руу шилжин нүүдэллэцгээжээ. Энэ их хөдөлгөөн, нүүдлийн явцад Номхон далай, Энэтхэгийн далайн арлууд, Австрали тив ч хүмүүсийн шилжин очсон нутаг газар болжээ. Дулаан, чийглэг, үржил шимтэй газруудаар хүмүүс суурьшиж, газар тариалан эрхэлж, тосгон суурин барьж, услалтын системтэй ч болсон байна.
Эхэндээ хүмүүс зөвхөн л байгаль-цаг уурын шахалт, хавчилтаар аажим, гэхдээ зогсолтгүйгээр шилжин байршиж, бас дахин шилжин байршсаар байсан бол одоогоос 5-7 мянган жилийн өмнөөс эзэмшил нутгаа тэлэх, томсгох гэж, далайн эрэг хавийг эзлэн суух гэж, газар тариаланд нэн тааламжтай бүс нутгуудыг булаан эзлэх гэж дайн, түрэмгийлэлд тулгуурласан нүүдэл, шилжилт хийх болжээ. Чингэж сүүлийн 10 орчим мянган жилийн дотор тив тивийн хүн ардын аж байдлыг нүүдэлчдийн удаа дараагийн их давалгаа өөрчилж, шинэчилж, дахин давтан сандчааж, шинээр эмхлэн байгуулсаар ирсэн түүхтэй.
Хүмүүс, ард түмнүүдийн шилжилт, нүүдэл, булаан эзлэх дайн, нэгдэл, задрал, том эзэнт гүрний үйл ажиллагаа, тивүүд болон ард түмнүүдийн нэгийг нөгөөд нь нээж, холбож өгсөн хуурай замууд, усан замууд зэрэг нь тив болон бүс нутгуудын байдлыг үндсээр нь өөрчилж, шинэтгэж, соёлын өргөн их солилцоог үүдэж, “дэлхий дахин” хэмээх супер нийтлэгийг төрүүлэн гаргах чигт том том алхмыг хийсээр байв. Чингэж Төв Азиас гараагаа эхэлсэн нүүдэлчид Европ дахиныг хөдөлгөөнд оруулж, Ромын эзэнт гүрнийг мөхөлд хүргэж, мөн хожуу дундад зууны үеийн түүхэнд цэг тавьж, бас Евразийг бүхэлд нь эзэмдсэн их гүрнийг байгуулж, хүн төрөлхтнийг дэлхийн хэмжээнд шахам нэгэн жолоон дор оруулж, “нэгэн том хөлөг онгоцны зорчигчид” болгон хувиргаж, орчин үеийн дэлхий ертөнцийн үндсүүдийг бүтээлцжээ. Дэлхийн хүн ард “Дэлхий дахин” гэгдэх нэгэн том гэр бүл, хүмүүсийн супер нийтлэг болж үүх түүх нь нэгдэж, дэлхийн түүхийн анхны хувилбарууд ч бичигдэж эхэлжээ.
Дүгнэж хэлэх аваас тивүүд ба арлуудыг анх хүнтэй болгосон нь нүүдэлчдийн хийсэн ажил болно. Мөн тэдний удаа дараагийн их нүүдлүүд тив бүхний өмнөх байдлыг бас дахин давтан өөрчилжээ. Чингэж тивүүд, бүс нутгуудын ард түмний хувьсал, өөрчлөлтийн хөдөлгөгч хүч, гол шалтгаан нь нүүдэлчдийн хөдөлгөөн, тэдний шахалт, түрэлт, булаан эзлэлт, тэдгээрийн улмаас хэрэгжиж асан соёлын их солилцоонууд байжээ. Нэг хэвийн байдалд автаж, зогсонги, царцанги, унтаахай болж хувирсан амьдрал, аж байдлыг нүүдэлчид байн байн сандчааж, шинээр зохион байгуулагдахад хүргэж, өөр өөр иргэншлийг нүүр тулган уулзуулж, улмаар нэг эрин үеийг дуусгавар болгож, нөгөө эрин үеийг эхлүүлж, хүмүүсийг ч их өөрчилж, нийгмүүдийг их өөрчилж, хөгжил дэвшлийг ч бас авч ирж байв. Хөдөлгөөн хөдөлгөөнийг үүдэж, шинэ үр дүн, шинэ үр дагаврыг төрүүлж, шинэчлэл явагдаж, хүмүүс дэлхийн хэмжээнд соёлжингуй, хүмүүнлэг, шинжлэх ухааны мэдлэг, гэгээрлийг дээдлэгчид болох чигт ахиж дэвшсээр иржээ.
Азиас хөдөлсөн нүүдэлчдийн их цуваа, давалгааны нөлөө, хаялгын зах сэжүүр Испани, Египет хүрч, Ромын эзэнт гүрний мөхлийг хурдасгаж, дундад зууны үеийн түүхийн ноён нурууг босголцож, бас орчин үеийн дэлхий ертөнцийн “хар зургийг” гаргалцсан гэхэд итгэхэд бэрх ч гэсэн яг хэрэг дээрээ бол чухамхүү тийм байсан болно.
Нүүдэлчдийн нөлөө, хаялгын сүүлчийн жишээ гэхэд л XIII зуунд монголчууд нийт хүн төрөлхтөнг дэлхий дахин хэмээх нэгэн том нийтлэгт хураан нэгтгэж, “хүн төрөлхтөнг нэгэн завин дээр суулгаснаар” Евразийн соёл, иргэншил хүрээ, нөлөөгөө тэлж дэлхийн нэгдмэл түүхийг эхлүүлжээ. Чухамхүү тэр зуунаас эхлэн дэлхий нийт, хар, шар, цагаан арьстнууд гариг дэлхийнхээ цар хүрээнд сэтгэж, мөнхүү цар хүрээнд үйл ажиллагаагаа өрнүүлж, амжилт олж, алдаа гаргаж, түүхээ бүтээж, нийтлэг нэгэн он тоолол хэрэглэж, дэлхийн улстөрийн болон газарзүй, хүн амзүйн зургуудыг үйлдэж, “эх дэлхийгээ алган дээрээ тавьж”, тал бүрээс нь харж, судалж байх болжээ. Төдхөн дэлхийгээ хувааж авах, нөлөө, оролцоогоо өргөтгөн тогтоох, эзэн суух хөдөлгөөн ч бас өрнөжээ. Мөнхүү хөдөлгөөний үр дүнд 12 том эзэнт гүрэн буй болж эх дэлхий маань тэдэнд бүрэн эрхшээгдсэн билээ. Энэ бол XIX, ХХ зууны үе болно.
Судлаач, профессор Д.Чулуунжав