Хэсэг завсарласны, үнэндээ бол залхуурсны эцэст дууны орчуулгын буландаа АББА-гийн алдартай дуунуудын нэгийг нэмж байна. “Зад шүүмжлүүлсэн” ч хаширсангүй ээ. Энэ бол дурлал нь мөхөж буй хос хайраа авч үлдэхийг хичээн “SOS” хэмээн аврал эрэн цурхирч байгаа дуу юм л даа. Цурхирах гэж үг арай ч хатуудаж байна уу? Юутай ч найдваргүй болоод сөнөх дээрээ тулсан усан онгоц авралын энэ дуудлагыг хэрэглэдэг гээд бодохоор их л хэцүүдсэн хайр юм даг аа даа.
1974 оны 8 сард зохиогдсон, Австрали, Бельги, Мексик, Шинэ Зеланд, Өмнөд Африк, баруун Германы хит парадад нэгт бичигдсэн дуу юм байна.
Авралыг ингэхэд яагаад S.O.S. хэмээн эрдэг вэ?
Анх 1905 онд Германы Засгийн газрын Радио Зохицуулалтын Алба тусламж, авралыг SOS гэсэн дохиогоор дуудаж байх шийд гаргаж, үүнийг нь жилийн дараа Олон Улсын Радиотелеграфын 2-р Хуралдаанаар дэмжсэнээр дэлхий нийтэд хэрэглэх болжээ. Олон хүн үүнийг Save Our Soul, эсвэл Save Our Ship гэсэн үгийн товчлол гэж тайлдаг нь худлаа ажээ. Үнэн хэрэгтээ SOS гэсэн тэмдэгтийг сонгосны учир нь нь морзын үсгээр яаралтай илгээхэд, бас тайлж уншихад хамгийн энгийн: . . . – – – . . . буюу гурван богино-гурван урт-гурван богино дуудлага байдагт оршино. 1999 оныг хүртэл хэрэглэгдсэн энэ дохио өдгөө хориотой болсон гэнэ билээ. Одоо бол сөнөж буй усан онгоцонд өөр автомат дохиолол ашигладаг болсон аж. Чухам ийм л тэмдэгтийг АББА дуундаа ашиглан, усан онгоцоо биш хайраа аврахаар тусламж хүссэн аж.
Палиндром
Сэдэвтэй бараг хамаагүй боловч, зүгээр л сонирхуулахад урд, хойноосоо яг ижил уншигддаг үгийг хэл шинжлэлд палиндром хэмээн нэрийддэг. Урд хойноос нь уншихад утга нь “хадгалагддаг” хамгийн урт монгол үг бол “хадгалагдах” өөрөө юм гэсэн онигоо шахуу яриа ч бий. Гэхдээ манай тэр дэлхийд хамгийн урт нь болж чаддаггүй. Фин хэлний Saippuakivikauppias гэж үг тэр амжилтын эзэн нь гэх.
АББА хамтлаг SOS гэсэн дуу дуулна гэдэг тэгэхээр палиндром хамтлаг палиндром дуу дуулж байгаа хэрэг юм аа даа. Өөр ийм тохиолдол байдаг эсэхийг бүү мэд. Бүтээлч санаачилга гаргахаасаа илүү элдэв дээд амжилтыг эвдэхдээ гаргууд улс юм чинь манайхан одооноос нэг Молом гэж залууг сайтар бэлдэж байгаад “Чи ич” гэсэн айхтар нэртэй рок дуу дуулуулаадахвал монгол палиндром залуу палиндром дуу дуулсан хэмээгдэж, АББА-гийн SOS-ыг давтах юм даа.
“Зүрхэнд нь багтах зайгүй” нэгдүгээр бадаг
Эхлээд дууныхаа үгийг задалж, махчлан орчуулж үзье.
Where are those happy days
They seem so hard to find
Өнөөх жаргалтай өдрүүд хаана байна?
Олоход их хэцүү санагдаж байна.
I tried to reach for you
But you have closed your mind
Би чамд хүрэх гэж оролдсон
Гэтэл чи оюун санаагаа хаачихжээ.
Энэ нь манайхаар бол “сэтгэл, зүрхэнд чинь орох, багтах зайгүй болчихжээ” гэсэн санаа юм уу даа.
Whatever happened to our love?
I wish I understood
Бидний хайр дурлалд юу тохиолдов оо?
Ойлгодог ч болоосой.
It used to be so nice
It used to be so good
Их сайхан байсан
Их сайн байсан
Чамайгаа явчих юм бол… хэмээх дахилт
Дахилт нь ингэж эхэлнэ:
So when you’re near me,
Darling can’t you hear me
S. O. S.
Тиймээс чи надад ойр байхдаа (байгаа атлаа)
Хонгор минь намайг сонсож чадахгүй нь уу?
Авраач
The love you gave me
Nothing else can save me
S. O. S.
Чиний надад өгсөн хайр
Намайг өөр юу ч аварч чадахгүй
Авраач
When you’re gone
How can I even try to go on?
Чамайг явсан хойно
Би үргэлжилнэ гэж хэрхэн хичээх ч билээ?
When you’re gone
Though I try how can I carry on?
Чамайг явсан хойно
Хэчнээн хичээгээд ч оршиж яаж чадах билээ, би.
Энэ сүүлийн хөөрхий дөрвөн мөрийг орчуултал Нямсүрэн найрагчийн шад санаанд орчихлоо.
Чамайг даараад байнаа гэхлээр
Шаргачин зээрийн арьсаар хучлаа
Чамайг тэгээд явна аа гэхлээр
Шаргал талынхаа бүх өвсөөр чөдөр зангидлаа…
Ойртох тусмаа холддог хайрыг өгүүлэх хоёрдугаар бадаг
You seem so far away
Though you are standing near
Хэдий чи хажууд зогсож байвч
Маш хол юм шиг санагдах юм.
Энэ хэсэг надад яг Ү. Хүрэлбаатар найрагчийн “Ойртох тусмаа холддог хорвоод, оройтох тусмаа нялхардаг хайр аа” гэх мөрийг санагдуулдаг юм. Ер нь зөвхөн энэ биш, англи дуу шүлэг уншиж, орчуулж суухад амьдрал хайрын утга учир гэж универсаль юм болохоор ертөнцийн хоёр бөөрөнд монгол, америк найрагч ижил санааг өөр өөрийнхөөрөө, өвөрмөц илэрхийлсэн байхтай их л таарах. Мадоннагаас Өлзийтөгсийн аялгуу, Боб Диланаас Буянзаяагийн санаа, АББА-гаас Хүрэлбаатарын шад сонстох шиг болох нь сонин шүү.
You made me feel alive
But something died I fear
Чи намайг амьд хэмээн мэдрүүлдэг байсан
Гэвч нэг юм үхчихлээ гэж би айж байна.
I really tried to make it out
I wish I understood
Би учрыг нь олох гэж үнэхээр оролдсон
Ойлгодог ч болоосой
What happened to our love
It used to be so good
Бидний дурлалд юу тохиов оо?
Их сайн байсан шүү дээ.
Авралын дуудлага
Одоо дуугаа дуулж болохуйцаар, үг үеийг нь аянд нь тааруулангаа утгыг нь ч хадгалж, бас толгой холбон орчуулах гээд үзье. SOS гэж олон улсын үгийг орчуулчихвал дууны хамаг сүнс нь үгүй болчих гээд байгаа учраас зөвхөн гарчигт нь л тайлбар маягаар орчуулаад, дуун дотроо хэвээр нь хадгалав.
Авралын дуудлага
Жаргал бялхсан өдрүүд маань
Жаргах цаг нь ирээ юү?
Зүрхэнд чинь шургаюу гэтэл
Зүү орох ч зай алга аа
Хайр сэтгэл хааш одов?
Ойлгодог ч болоосой, би
Хамаг сайхан мөчүүд
Дурсамж болон хоцорчээ.
Дахилт:
Налж суугаа атлаа
Намайгаа чи сонсохгүй нь
SOS
Надад өгсөн хайрч чинь л
Намайг аврах ганц эм
SOS
Чамайгаа явчихвал
Оршъюу хэмээн хичээж ч чадахгүй
Чамайгаа явчихвал
Оршъюу хэмээн хичээгээд ч нэмэргүй
2-р бадаг
Дэргэд минь атлаа чи
Дэндүү хол санагдах юм
Сэтгэл сэргээдэг хайр чинь
Сэвтэн одлоо гэж үү?
Хичээсэн, би үнэхээр хичээсэн
Гэвч юу ч ойлгосонгүй
Хэчнээн сайхан байлаа
Гэтэл юу болчихов оо.
Крис дэ Бургийн дуулсан нь:
“Мамма миа” дуулалт кинонд Мэрил Стрип, Пирс Броснан нарын дуулсан нь:
Мягмарын Саруул-Эрдэнэ
Зохиогчийг жиргээнд дагах хаяг:
@SaruulerdeneM