Бид эрэгтэй хүүхдээ л “хүн зодож болохгүй” гэж сургаснаас охидоо тэгж сургаж байсан гэж үү. Магадгүй үгүй болохоор өнөөдөр охид илүү дээрэлхүү, танхай болж буй бололтой.
Энэ сарын 8-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хороо “Залуус” хорооллын оршин суугч “Лифтэнд олуулаа сууж болохгүй” гэж шаардлага тавихад 3-4 охин бүлэглэн түүнийг зодоод зугтсан байдаг. Сошиал орчинд орцны хяналтын камерын бичлэг тархсан бөгөөд охидууд маш бүдүүлэг авир гаргаж буй нь тодоос тод харагдана.
Охидтой холбоотой хэрэг ганц үүгээр ч тасрахгүй. Сошиал орчинд ээжүүдийн гомдол тээсэн яриа ч олон харагддаг. Ангийн охид нь нийлж хүүг нь дээрэлхсэн байна, толгой руу нь цохисон. Муухай үгээр хараасан гэх ээжүүдийн сэтгэгдэл олон байдаг.
Үнэндээ бид эрэгтэй хүүхдүүдийг л хүмүүжилтэй, зөв төлөвшилтэй болгох гэж чардайсаар охидоо бүр мартчихаж. Охин хүүхэд угаасаа зөөлөн, зөв хүмүүжилтэй байдаг гэх өнгөрсөн баларсан сэтгэхүйгээр хүүхдүүдээ хүмүүжүүлсээр ирээдүйн хүчирхийлэгч эмэгтэйчүүдийг үе дараалан бэлдэж байна. Тиймээс эр, эм гэж ялгалгүй бусдыг хүндэлдэг, ёс зүйтэй, соёлтой “ХҮН” болгож хүмүүжүүлэх эрхэм үүрэг эцэг эх асран хамгаалагч нарт ногдож байна. Энэ эрхэм үүргийг умартах аваас хатан ухаант охидын тоо ховордох нь.
С.Энхцэцэг