Их Британийн махны өндөр хэрэглээтэй иргэд хоолны дэглэмээ өөрчилж чадвал 8 сая автомашиныг замын хөдөлгөөнөөс хассантай дүйцэх нөлөөг байгаль орчинд үзүүлэхийг шинэ судалгаа харуулжээ.
Энэ нь хүний идэш байгаль орчинд хэрхэн нөлөөлөхийг хамгийн нарийн харуулсан судалгаанд тооцогдож байна.
Оксфордын их сургуулийн судлаачид анх махны их болон бага хэрэглээтэй хүмүүсийн байгальд үзүүлэх нөлөөний ялгааг тогтоохоор ажиллаж эхэлжээ.
“Их Британийн өндөр хэрэглээтэй иргэд махаа багасгавал ямар том нөлөө үзүүлэхийг манай судалгааны үр дүн харууллаа. Хүмүүс махнаас бүрэн татгалзах биш, харин багасгахад л болно” гэж Оксфордын их сургуулийн профессор Питер Скарбороу ярьсан байна.
Түүний ахалсан баг 55,000 хүнийг судалгаандаа хамруулжээ.
Хүмүүсийг тэд махны өндөр хэрэглээтэй буюу өдөрт 100 граммаас дээш хэрэглэдэг, махны бага хэрэглээтэй буюу өдөрт 50 граммаас бага хэрэглэдэг гэж ангилсан байна.
Ингэхэд өндөр хэрэглээтэй нэг хүн өдөр бүр 10.24 кг хүлэмжийн хий үйлдвэрлэж байжээ. Хүлэмжийн хий нь дэлхийг дулааруулж буй гол хүчин зүйл юм.
Харьцуулбал махны бага хэрэглээтэй нэг хүн өдөрт 5.37 кг хүлэмжийн хий үйлдвэрлэж байсан байна. Мах огт хэрэглэдэггүй хүний ялгаруулалт үүнээс дахиад хоёр дахин бага буюу 2.47 кг байжээ.
Хүлэмжийн хийн ялгаруулалтыг зөвхөн тухайн хувь хүний бие махбод дээр тооцоолоогүй юм байна. Үүнд мал өсгөх газрын талбайн хэмжээ, усны хэрэглээ зэргийг тооцоолжээ.
Тухайлбал махны өндөр хэрэглээтэй нэг хүний хүнсийг бэлтгэхэд өдөр бүр 890 литр ус, 16.78 метр квадрат талбай шаардагддаг байна.
Бага хэрэглээтэй хүний хувьд энэ үзүүлэлт 710 литр ус, 8.31 метр квадрат талбай болон буурч байжээ.
Мах огт хэрэглэдэггүй хүний хувьд 410 литр ус, 4.37 метр квадрат талбай болсон байна.
Эндээс үндэслээд тооцоолбол Их Британийн махны өндөр хэрэглээтэй иргэд бага хэрэглээтэй ангилалд шилжихэд л замын хөдөлгөөнөөс 8 сая автомашиныг хассантай дүйцэх хэмжээний хүлэмжийн хийг бууруулахаар байгаа юм.
2021 онд “Nature Food” сэтгүүлд нийтлэгдсэн судалгаанд дэлхийн нийт хүлэмжийн хийн ялгарлын гуравны нэг нь хүнсний үйлдвэрлэлээс гаралтайг тогтоож байжээ.
Их Британи улс хүлэмжийн хийн ялгаруулалтаа зогсоохын тулд 2032 он гэхэд махны хэрэглээгээ 30 хувиар бууруулах хэрэгтэй гэсэн өөр нэг судалгааны дүгнэлт байдаг юм.
Их Британи улсын мах үйлдвэрлэлийн салбарт 100,000 орчим хүн ажиллаж, жил бүр 9.5 тэрбум фунт стерлинг эргэлддэг байна.
Эх сурвалж: ikon.mn