“Бяцхан мисс” олон улсын хүүхдийн байгууллага, “Rana” хүүхдийн хувцас загварын урлан, “TX продакшн” хамтарч “Mongolian barbie land-2023” шоуг өнгөрсөн ням гарагт амжилттай зохион байгууллаа.
20 жилийн түүхтэй “Бяцхан мисс” олон улсын хүүхдийн байгууллага нь багачуудын бие бялдар, оюун санааны төлөвшилд эерэг нөлөө бүхий олон талт үйл ажиллагааг зохион байгуулсаар ирсэн. Тус байгууллагын санаачилгаар авьяаслаг охид, хөвгүүд дэлхийн олон оронд зохион байгуулагддаг урлаг, соёлын арга хэмжээнд тогтмол тэргүүн байруудыг эзэлдэг уламжлал нэгэнт тогтжээ. Эл арга хэмжээнүүд олныг хамарч зохион байгуулагдах тусам гэр бүлийн үнэ цэнийн мэдрэмж, эв нэгдэл батжиж байдаг давуу талтай. Эцэг эхчүүдэд хүүхдүүдийнхээ авьяас чадвар, сонирхлыг дэмжих үзлийг төлөвшүүлэх нь тус байгууллагын гол зорилго юм.
Монголд анх удаа зохион байгуулагдсан “Mongolian barbi land-2023” шоунд нийт 40 хүүхэд оролцлоо. “Rana” урлангийн толилуулсан таван төрлийн загваруудыг өмссөн багачууд барбины бүжиг зэрэг олон урлагийн үзүүлбэрээр үзэгч түмнийг баясгасан. Мөн тус шоунд тус байгууллагын дэргэдэх “-16” хамтлаг ая, дуугаа өргөв. Зочин дизайнер Кадрын барбины он цагийн түүхийг харуулсан загварууд сонин, содон байлаа. Топ модель Г.Уранцэцэг хоёр сарын турш оролцогчдод тайзны алхааг зааж, бэлджээ. “Бяцхан мисс” олон улсын хүүхдийн байгууллагын захирал, хатагтай Э.Оюунтунгалаг энэ сарын 11-нд авьяаслаг багачуудтайгаа хамт Гүрж улсын Батуми хотод болох олон улсын тэмцээнд оролцохоор зорьсон юм. Тэмцээн болгонд амжилттай оролцдог монгол хүүхдүүд эх орондоо сайхан мэдээтэй ирэх биз ээ.
С.Номулун шоуны сүлд дууг дуулав
“Язгуур” сургуулийн хоёрдугаар ангийн сурагч С.Номулун шоуны сүлд дуу болох “Барби”-г дуулж танхимыг доргиосон юм. С.Номулун нь “Бяцхан мисс-2023” тэмцээнээс “Оны тэргүүн мисс”-ээр шалгарч, мөнгөн титмийн эзэн болсон адтай охин. Дуулах ур чадвар, жүжиглэх авьяас нь төгс хосолсон түүний тухай үзэгчид “Ирээдүйтэй, урлагийн тайзнаа гялалзах охин байна даа” гэсэн үнэлгээ өгч байв.
Ромоло Коззи Монголд
БНХАУ, Холливудын “The flash”, “Shark2”, “Me Time”, “Moonfall”, “Spirit”, “Кong tian Lie”, “San sheng san shi li tao hua”, “Bu ke si yi”, “Fen shou da shi” зэрэг кинонд компьютер графикчаар ажилладаг, итали эр Ромоло Коззи тус шоуны үзэгчдийн суудалд суух нь нэн содон. Тэрээр монгол эмэгтэйтэй гэрлэж, ирэх сард хуримаа хийхээр товлосон гэнэ. Ромоло Коззи их сургуульд архитекторын чиглэлээр төгссөн анх телевизийн реклам хийх зэргээр мэргэжлээ өөрчилж, улмаар график хийж эхэлсэн байна.
Холлидудад ажилласаар ирсэн. Мөн Лондонд “Арслангийн хаан” кинонд ажилласнаараа онцгойлж бахархдаг. “Тэр бол миний хамгийн шилдэг, өрсөлдөөн ихтэй ажил байсан. Маш олон хүний нөр их хүчээр бүтсэн, 100 хувь компьютер графикийн бүтээл юм” гэж өгүүллээ. Мөн “Миний хийсэн нэг уран бүтээл одоо театруудаар гарч эхэлж байгаа юм. Дараагийн бүтээлээ бодчихсон явна. Монгол хүмүүст кино бүтээх, график бүтээх талаар сургалт орж болох байх” тухай ярьлаа. Тэрбээр үргэлж суралцахыг эрмэлздэг, эрэ хайгуулч уран бүтээлч юм. Хөдөө нутгаар явж, нүүдэлчин соёл иргэншлийн тухай кино хийх хүсэл мөрөөдөлтэйгөө ч нуусангүй.